Дархлаажуулалт муу байгаа НАЙМАН аймгийн засаг даргад Л.Оюун-Эрдэнэ амласан ёсоороо ХАРИУЦЛАГА тооцох уу

Дархлаажуулалт муу байгаа НАЙМАН аймгийн засаг даргад Л.Оюун-Эрдэнэ амласан ёсоороо ХАРИУЦЛАГА тооцох уу

Зургадугаар сарын 29-ны байдлаар Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд 1,724,760 хүн буюу нийт хүн амын 50 гаруй хувь нь хамрагдаад байна гэж ЭМЯ-наас өчигдөр /2021.06.30/ мэдээлсэн. Улмаар зарим хөдөө орон нутгийн иргэдийн дунд вакцины хамрагдалт муу байна гэж онцолж байгаа юм.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАРИМ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ-

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 02 /2021.06.02/-ны өдөр УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ, “Увс, Дундговь, Өвөрхангай аймагт дархлаажуулалт доогуур үзүүлэлтэй байна. Шаардлагатай бол хариуцлага тооцож ажиллах шаардлага байна” гэж онцолсон. Мөн тэрээр “Аймгууд дархлаажуулалтад хойрго хандаж байгаа бол зайлшгүй хариуцлага тооцож ажиллах чиглэлийг өгнө” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдөр /2021.06.30/ хийсэн ЭМЯ-ын мэдээллийн үеэр, Дундговь, Увс, Ховд гэсэн гурван аймагт хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо болон нийт хүн амд эзлэх хувь хэт бага буюу 19-30 гаруй мянган хүн хамрагдсан 60 гаруйхан хувьтай байгаа тоон дүн харуулсан юм. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад 42-61 мянган хүн хамрагдсан нь ч нийт хүн амын дунд эзэлж буй байдал нь 60-70 гаруйхан хувьтай байгааг харуулжээ. Гэтэл зарим аймгууд 75 хувиас дээш гарчээ.

Эх сурвалж: ЭМЯ

Тухайлбал, Өмнөговь аймаг дархлаажуулалтын явц 97 хувьд хүрсэн байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ биелүүлж, дээрх найман аймгийн засаг даргад хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шаардлага үүсэж байх шиг байна. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар “Ерөнхий сайд аймгийн засаг даргаар томилдог” зохицуулалттай. Хуулийн 26 дугаар зүйлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ЗАСАГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ, ИТХ ХУРАЛДАЖ ДАХИН НЭГ ХҮНИЙГ ЗАСАГ ДАРГААР ТОМИЛУУЛАХААР ЕРӨНХИЙ САЙДАД САНАЛ БОЛГОНО-

Тэгвэл эдгээр аймгуудад аль нам ИТХ-даа олонхийн суудал авч, хэн засаг даргын албан тушаал хашиж байгааг доор харуулъя.

ҮҮНД:

  1. Архангай аймгийн ИТХ-д АН олонх болж, Засаг даргаар Д.Золжаргал ажиллаж байна.
  2. Баян-Өлгийн аймгийн ИТХ-д МАН олонх болж, Засаг даргаар Д.Бауыржан ажиллаж байна.
  3. Баянхонгор аймгийн ИТХ-д МАН олонх болж, Засаг даргаар Д.Мөнхсайхан ажиллаж байна.
  4. Дундговь аймгийн ИТХ-д АН олонх болж, Засаг даргаар Ц.Мөнхбат ажиллаж байна.
  5. Өвөрхангай аймгийн ИТХ-д МАН олонх болж, Засаг даргаар А.Ишдорж ажиллаж байна.
  6. Увс аймгийн ИТХ-д АН олонх болж, Засаг даргаар Ч.Чимэд ажиллаж байна.
  7. Ховд аймгийн ИТХ-д МАН олонх болж, Засаг даргаар Б.Дүгэржав ажиллаж байна.
  8. Хөвсгөл аймгийн ИТХ-д АН олонх болж, Засаг даргаар Ш.Идэрбаясгалан ажиллаж байна.

Харин дархлаажуулалтад эдгээр аймгууд хойрго хандаж байна хэмээн засаг дарга нарт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцсон тохиолдол, тухайн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, олонхийн санал авсан нэгнийгээ засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал болгох хуулийн зохицуулалттай юм.