Өршөөлийн хуульд бөх, харваачдыг онцлон өршөөвөл Үндсэн хууль зөрчихийг УЕПГ-аас санууллаа

Өршөөлийн хуульд бөх, харваачдыг онцлон өршөөвөл Үндсэн хууль зөрчихийг УЕПГ-аас санууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021-06-30/ Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн.  Тус хуулийг маргааш буюу 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр төлөвлөсөн.

Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан ба Х.Нямбаатар сайд танилцуулахдаа авлига, албан тушаалын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүйг онцолсон юм.

Харин 2021 оны ‘’Өршөөлийн хуулийн’’ төслийн онцлог нь Үндэсний баярын наадмын тухай хуулиар эрхээ хасуулсан бөх, сур харваачдын үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгаснаар онцлог байгаа. Урьд  өмнө нь Өршөөлийн хуульд допингийн зөрчлийг хамруулж байгаагүй юм.

Хэрэв хууль батлагдвал  2019 онд допингийн асуудлаар эрхээ хасуулсан улсын аварга Э.Оюунболд, өнгөрсөн жил /2020 он/ допинг илэрсний улмаас барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших, допинг илэрсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан улсын начин Д.Цэрэнтогтох,  сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлд хамрагдана гэжээ.

Улсын ерөнхий прокурорын газраас  Өршөөлийн хуулийн төслийг боловсруулах явцад бөх, сур харваачдыг өршөөлд хамруулахыг эсэргүүцсэн байна.  Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт илгээсэн албан бичигтээ, "Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2-т, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул хасах санал хүргүүлж байна" гэсэн байна. Иймээс бөх болон сур харваачдыг онцгойлон ажил мэргэжлээр нь зааглан хуульд тусгаж өршөөл үзүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох ажээ.

Өөрөөр хэлбэл, төрийн хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан хүн, хуулийн этгээдийн эрхийг сэргээхгүй мөртлөө бөх, сур харваачдын эрхийг л онцлон сэргээхээр хуульчлах гэж байгааг УЕПГ эсэргүүцсэн байна.