СУРВАЛЖИЛГА: Монгол залуус анх удаа агаарын ДРОНООР хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

СУРВАЛЖИЛГА: Монгол залуус анх удаа агаарын ДРОНООР хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүллээ

Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаар Монгол залуус хөдөлмөрлөсөөр. Тэдний нэг бол “Ворлд Бридж Ложистик”/World bridge logistic/-ийнхан. Тус компани Монгол хүн сансарт ниссэн өдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр манай улсад анх удаа дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарласан юм.

2016 онд “Amazon” компани дроныг дэлхий нийтэд таниулахад “Ворлд Бридж”-ийнхан “яагаад Монголд дрон хүргэлтийн үйлчилгээ байж болохгүй гэж” бодож энэ цагаас хойш зүтгэсээр өнөөдөр өөрсдийн бодлоо бодит ажил болгож чадсан байна. Хэдийгээр одоо тодорхой хэдэн чиглэлд уг үйлчилгээг туршиж буй ч цаашид Улаанбаатар хотын бүхий л цэгт дроноор хүргэлт хийх ажилд тэд аль хэдийн ханцуй шамлан оржээ. Бид Монголын анхны дрон хүргэлтийн үйлчилгээний талаар тус компанийн менежер мөн дрон удирдлагыг хариуцан ажиллаж буй Т.Цэдэннямтай ярилцлаа.

СОНСОХ

-МАШИНААР 30 МИНУТ ЯВАХ ГАЗАРТ ДРОНООР 6 МИНУТАД БАГТААН ХҮРГЭЛТ ХИЙСЭН-

-Танай компани дроноор хүргэлт хийх үйлчилгээг нэвтрүүлж Монголдоо анхдагч болж чадлаа. Хэзээнээс энэ үйлчилгээг нэвтрүүлэх ажил өрнөж эхэлсэн бэ. Үйлчилгээний санаа хэрхэн төрж байв?

-Санаа бол эрт төрсөн. 2016 онд анх “Amazon” компани дроныг дэлхийд таниулж, хүргэлт хийж эхлэхэд яагаад энэ үйлчилгээ Монголд байж болохгүй гэж бодож ямар хэлбэрээр өөрсдийнхөө үйл ажиллагаанд шингээх талаар төлөвлөж эхэлсэн. Эхний ээлжийн дрон маань ирээд сар гаруйн хугацаа л өнгөрч байна. Бидний зүгээс Монгол хүн сансарт ниссэн өдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдрийг бэлэгшээн уг үйлчилгээнийхээ нээлтийг хийлээ. Үүнээс өмнө бэлтгэл ажил, туршилтын нислэг нэлээн хэд хийсэн. Ер нь технологи хөгжихийн хэрээр тээвэр ложистикийн салбарт ч ажлаа хөнгөвчлөх, илүү найдвартай болгох, цаг хугацааг хэмнэхийн тулд зайлшгүй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Нөгөө талаар хатуу хөл хорионы үед ачаа тээвэр хийхэд бэрхшээл тулгардаг. Тиймээс бид яаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах вэ гэж бодож, энэ санаагаа хэрэгжүүлэхээр яаравчилсан юм.  

-Үйлчилгээний онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье. Одоогоор ямар ямар байршлуудад дроноор хүргэлт хийх боломжтой байна вэ?

-Одоогоор бид тогтсон чиглэлд хүргэлт хийж байгаа. Улаанбаатар хотод кабел, цахилгааны утас их замбараагүй байрласан байдаг шүү дээ. Тиймээс манай оффисоос нөгөө талд буюу хэрэглэгчийн байгаа цэг хүртэл дрон маань аюулгүй нисэж чадах эсэх, хоёрдугаарт очоод газардах аюулгүй орчин нөхцөл байгаа эсэхийг харгалзаж хүргэлтийн байршлаа сонгож байгаа юм. Хэрэглэгчийн хүссэн газарт хүргэлт хийх боломжтой ч хотын орчин нөхцөл саад болж байгаа учраас эхэндээ тодорхой чиглэлүүдийг сонгож үйлчилгээгээ явуулж байна.

-Хүргэлт хийж буй чиглэлүүдийг нарийвчилж яривал?

-Идэвхтэй харилцагч байгууллага, байнга харилцдаг талбай гэх мэт эхний ээлжид тогтмол яаралтай бичиг баримт хүргэдэг гурван газрыг сонгосон байгаа. Эдгээр нь “Barlo World” буюу хуучнаар “Вагнер Ази”, Улаанбаатар хотын гаалийн харилцаа буюу вокзал, гурав дахь нь “Автоме”.

-Тэгэхээр энгийн иргэн энэ үйлчилгээг авах боломжгүй гэсэн үг үү?

-Мэдээж боломжтой. Бид үйлчилгээгээ нэвтрүүлээд удаагүй байгаа болохоор одоохондоо хүргэлт хийх байршлууд маань хязгаарлагдмал байгаа юм. Гэхдээ бид яавал олон чиглэлд дроноор хүргэлт хийх боломжтой гэдгийг судалж, ярилцаж байна. Сайн судалж, өөрсдийнхөө арга барилаар шийдвэл болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-Дээд тал нь хэдэн кг ачааг дроноор хүргэх боломжтой вэ. Бичиг баримтаас гадна өөр төрлийн эд, зүйлийн хүргэлт хийх боломжтой юу?

-2,5 кг. Нэгдүгээрт мэдээж бичиг баримт тээвэрлэнэ. Яагаад гэвэл тээвэр зуучийн компаниудад аливаа бичиг баримт дандаа эх хувиараа хэрэг болж байдаг. Түүнийг нь хурдан шуурхай, хүлээлт үүсгэхгүй шийдэхийн тулд дроныг эхний ээлжид ашиглаж байна. Бичиг баримтаас өөр бэлэг дурсгалын зүйл тээвэрлэх боломжтой.

-Цаг хугацааны хувьд яривал. 8 км зайд дроноор хүргэлт хийлээ гэж бодоход хэчнээн хугацаа шаардагдах вэ?

-Манай “Barloworld” гээд байнгын харилцагч байдаг юм. Агаарын замаар бол 3 км зайтай, машинаар явбал 20-30 минут явж байж очдог. Тэр байгууллагад ердөө 6 минутын дотор хүргэлт хийсэн. Бид эндээс дрон нисгэснийг мэдэгдэхэд хүлээн авагч нь байгууллагаасаа гарч ирэх хугацаанд оччихсон байсан.

-НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙ БОЛГОЧИХВОЛ ДРОНЫГ УДИРДАХ ШААРДЛАГАГҮЙ, АВТОМАТААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖТОЙ-

-Үйлчлүүлэгчид яаралтай хэрэг гарч, дроноор бичиг баримт, эсвэл эд зүйл хүргүүлэх шаардлага үүслээ гэж бодъё. Тэгвэл хүргэлт хийлгэх эд материалаа танай компани дээр авчирч өгөх үү, эсвэл та бүхэн очиж авах юм уу?  

-Манайх тээвэр зуучийн компани. Аливаа ачаа барааг дагалдаж ирсэн бичиг баримтын эх хувь бидэнд түрүүлж ирдэг. Барааг нөгөө байгууллага гааль дээр хүлээж авахын тулд бичиг баримт нь мөн л эх хувиараа байх ёстой. Тэр баримтуудыг харилцагчдаа хүргэж өгөхийн тулд түгжирч, цаг үрэх шаардлагагүйгээр дроноор хурдан шуурхай шийдчихэж байгаа юм.

-Хамгийн холдоо хэдэн км зайд хүргэлт хийх боломжтой вэ?

-Дроны маань техник үзүүлэлт нь тэгш талбайд буюу тал газар 15 км гэж заасан байдаг. Мөн 500 метрийн өндөрт нисэх хүчин чадалтай. Тасралтгүй нисэх дээд хугацаа нь 55 минут.  Бид хотын орчин нөхцөл, дээр дурдсан цахилгааны сүлжээ, барилгуудыг тооцож 8 км радиус гэж тооцоолсон. Ерөнхийдөө хотын төвийг бүрэн хамарсан зай талбай гэж харж байгаа.

-Та дрон хотын бүх чиглэлд нисэхэд шугам сүлжээ, байшингууд саад болдог гэж хэлсэн шүү дээ. Дроны дээд нисэх өндөр нь 500 метр гэж байна. Тэгэхээр саад болоод буй шугам сүлжээнээс өндөрт, 500 метр дотроо нисгэж болохгүй юу?  

-Нисэх зөвшөөрөл гэж байдаг шүү дээ. Тэр зөвшөөрөлд 80-120 метрт ниснэ гэж заасан байдаг. Тэрнээс дээш том биет буюу нисдэг тэрэг, онгоц гэх мэт зүйлс ниснэ гэсэн заалттай байдаг юм байна лээ. Тэгэхээр бусад биетийн нисэх орон зайд нэвтрэхгүй байх үүднээс 80-120 метртээ л дроноо нисгэнэ гэсэн үг.

-Одоогоор хэдэн дрон ашиглаж эхлээд байна. Мөн дроныг хэдэн хүн удирддаг вэ?

-Одоогоор нэг дроныг л ашиглаж байна. Дахиад нэг дрон нэмэхээр бэлдчихсэн байгаа. Дрон маань 8 км радиус дотроо нэг удирдлагаар удирдуулж явдаг. Тэгэхээр нэг хүн л удирдана гэсэн үг. Бидний ашиглаж буй дрон “DJI” гэдэг компанийнх. Тус компани дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгд ордог. Хэрэв нислэгийн замаа тодорхой болгоод тогтчихвол дрондоо тухайн чиглэлийг автоматаар сануулах боломжтой. Тэгэхээр заавал дроныг хүн удирдах шаардлагагүй болно гэсэн үг.

-Эрсдэлийн талаар яръя. Монгол бол эрс тэс уур амьсгалтай орон. Тэгэхээр өвлийн улиралд энэ үйлчилгээ хэвийн явж чадах уу. Мөн цаг агаарын гэнэтийн үзэгдэл тохиовол яах вэ?

-Дроны үзүүлэлт нь хасах 20 хэмд нисэх чадалтай. Шиврээ бороо, зөөлөн цас орж байхад явах чадалтай. Салхины хувьд техник үзүүлэлт дээрээ 15 м/секунд гэж заасан байдаг. Бид аюулгүй байдлаа тооцоод 12 м/секундад хөөргөж байгаа.

-Дроны аюулгүй байдал ч чухал юм шиг санагдлаа. Автомашин дээр ч хүмүүс  даатгал хийлгүүлсэн байдаг шүү дээ. Та бүхний хувьд дроноо даатгуулсан уу?

-Тийм. Манай тээвэр зуучийн компани Монгол даатгалаар үйл ажиллагааныхаа бүрэн даатгалыг хийлгэсэн байдаг. Дроноо ч Монголд анх удаа даатгуулсан. Жолоочийн хариуцлагын даатгал гэж байдаг шиг дроны хариуцлагын даатгал хийлгэж, мөн дроноор тээвэрлэж буй ачаа тээврийн даатгалыг хийлгэсэн.

-БИД САЛБАРЫНХАА ХӨГЖИЛД ӨӨРСДИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ҮҮДНЭЭС ДРОН ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСЭН-

-Үнэ өртгийн хувьд хэд байх вэ. Цаашдаа илүү төгөлдөржиж үйлчилгээнд өргөнөөр нэвтэрвэл?

-Энэ талаар хүмүүс их асууж сонирхсон. Бид одоохондоо зах зээлийн үйлчилгээний өртгөө тооцоолоогүй байна. Цаашлаад илүү боловсронгуй болгож, нөхцөлөө бүрдүүлсний дараа зардлаа тооцож, үнэ өртгийг тодорхойлно. Гэхдээ нөхцөл бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал асуудал. Хотын бүх цэгийг судлах шаардлагатай болчхоод байгаа юм. Дээр хэлсэн гурван цэгийг агаарын зам харьцангуй аюулгүй, саад багатай учраас бид сонгосон.

-Гадаадын аль оронд нисдэг дроныг хүргэлтийн үйлчилгээг өргөн нэвтрүүлсэн байдаг юм бол. Та бүхэн бүтээгдэхүүний судалгааг хийхдээ аль орны жишгийг судалсан бэ?   

-Манай урд хөршид өргөн дэлгэр нэвтэрсэн байдаг. БНХАУ нягтаршил ихтэй учраас зарим тохиолдолд дроны хүргэлтийн алдаа гардаг юм байна лээ. Үүнээс яаж Улаанбаатарын нөхцөлд эрсдэл багатай, алдаагүй хүргэлт хийхийг судалж үзсэн.

-Дрон нисгэхэд тусгай зөвшөөрөл авдаг шүү дээ. Танай компани тусгай зөвшөөрлөө авсан уу?

-Бид Нисэхийн аюулгүй байдал хяналт зохицуулалтын албанд дроноо бүртгүүлж, зөвшөөрлөө авсан.

-Дроноор хүргэх эд зүйлд та бүхний зүгээс зохих хяналт шалгалтыг хийх үү. Тухайлбал хэрэглэгч өөрийн хүргүүлэх эд зүйлээ нууцлахыг хүсвэл яах вэ?

-Мэдээж эрсдэлээ тооцно. Шингэн зүйл байх уу, үгүй юу гэх мэт. Шингэн зүйл цалгилт ихтэй учраас боломжгүй. Бичиг баримтыг бол гаднаас нь таних боломжтой учраас агуулгыг унших, шалгах шаардлагагүй гэж бодож байна.

-Танай компани хэзээ байгуулагдсан юм бэ. Өөр энэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн үү?

-Манайх 2013 онд байгуулагдсан 30 гаруй ажилтантай, найман жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тээвэр зуучийн компани юм. БНХАУ болон БНСУ, Герман улсад өөрсдийн төлөөлөгчтэй. Олон улсын тээвэр зууч болон авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бид салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаашдаа ч Монголынхоо тээвэр зуучийн салбарт шинэлэг зүйлсийг нэвтрүүлэхийг зорих болно.

-Цаашдаа энгийн иргэдэд энэ үйлчилгээ хүрэх хугацааг тодорхойлж хэлбэл?

-Яг тийм хугацаанд гэж ам гарч чадахгүй. Биднээс шаардагдахгүй зүйлс их бий. Тухайлбал, хотын зөв зохион байгуулалт, утас шугам сүлжээний асуудал гэх мэт. Гэхдээ бид гарч болох эрсдэлийг тооцож, шийдлийг эрэлхийлэн аль болох хурдан хугацаанд иргэдэд хүргэхийн тулд хичээж ажиллан болно.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө