Т.Нямдорж: Анхнаасаа төлөвлөчихсөн зүйл байсан учраас “Аав зарна” гэж маркетинг хийсэндээ огт харамсаагүй

Т.Нямдорж: Анхнаасаа төлөвлөчихсөн зүйл байсан учраас “Аав зарна” гэж маркетинг хийсэндээ огт харамсаагүй

Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээнд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв хууч өвчингүй” гэх зар нийтлэгдэж нэлээдгүй шуугиан тарьсан билээ. Уг зар нийтлэгдсэний дараа Цагдаагийн байгууллагаас шалгаж, “Гайхамшигт ертөнц” хэмээх киноны хэсэг гэдгийг олон нийтэд мэдэгдсэнээр тус явдлын учир, зангилаа тайлагдсан гэж хэлж болно. Зарим хүн уг зарыг “байж боломгүй зүйл” хэмээн дүгнэж, шүүмжилж байсан бол “залуу уран бүтээлчдийн шинэлэг санаа” гэж дэмжих хүн ч цөөнгүй байв.

Ийнхүү нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн уг кино энэ сарын 17-нд нээлтээ хийх байсан ч хойшилсон талаарх мэдээг бид авсан юм. Тиймээс киног бүтээсэн “Oi” энтертайментыг зорьж, залуу жүжигчин Т.Нямдоржтой зарыг нийтэлснээс хойш болсон үйл явдлын талаар ярилцахын далимд уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа.

ҮЗЭХ:

-КИНО ЗОХИОЛОО БИЧИЖ ЭХЛЭХ ҮЕЭС Л МАРКЕТИНГИЙН
САНААГАА ОЛЧИХСОН БАЙСАН-

-“Гайхамшигт ертөнц” УСК гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх товтой байсан шүү дээ. Ямар шалтгаанаар хойшлов?

-Зартай холбоотойгоор ШӨХТГ-аас биднийг дуудсан гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Гэхдээ кино хойшлогдсон гол шалтгаан нь энэ биш. Хамгийн гол шалтгаан нь ковидын нөхцөл байдлаас болж хойшиллоо. Үзвэр, үйлчилгээг нээснээс хойш энэ сарын эхээр өвчлөлийн тоо огцом нэмэгдсэн, бас кино театрын дүүргэлтийг 30 хувь болгосон шүү дээ. Тэгэхээр 100 хүн орох байсан танхимд 30 хүн, 50 хүн орох байсан бол бүр 20 хүн гэх мэтээр үзэгчийн тоо улам багасчхаж байгаа юм. Дээрээс нь бид орлогынхоо тал хувийг нь театрт, мөн тодорхой хэсгийг улсад татвар гэж төлнө. Ингэхээр эргээд бидний гар дээр ирэх ашиг хэд болох билээ. Энэ мэт шалтгааны улмаас тодорхой хугацаагаар хойшлуулаад байна. 

-Тэгэхээр “Аав зарна” гэх зартай холбоотойгоор хойшлоогүй юм байна тийм үү. Соёлын яамнаас хойшлуулсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм?

-Тийм. Гэхдээ Хэрэг эрхлэгчийн газраас Соёлын яам руу бичиг ирүүлсэн. Үүний дагуу  Соёлын яам бидэнтэй холбогдож “Танай кинотой холбоотой гомдол ирсэн. Тиймээс киногоо шалгуулах ёстой” гэсэн.

-Киноны агуулгад шалгалт хийнэ гэсэн үг үү. Шалгалтын үйл явц ямар шатандаа явж байна?

-Бидний зүгээс киноны төрөл жанр, нийгэмд илэрхийлэх гэсэн гол утга агуулгыг тайлбарласан товч танилцуулгыг Соёлын яаманд өгөх юм. Соёлын яам уншиж танилцаад киног үзэх шаардлагатай гэвэл цаг товлоод үзэх байх. Гэхдээ ямар нэгэн хуулийн этгээд рүү хандаж, хэн нэгнийг хохироогоогүй болохоор харьцангуй гайгүй байх гэж бид найдаж байна.

-Цагдаагийн байгууллагаас та бүхэнтэй холбогдсон гэж байсан. Ямар шаардлага тавьсан юм бэ?

-Цагдаагийн байгууллагаас бол сануулга өгсөн. Ямар нэгэн хүн хохироогүй, хэн нэгний нэр хүндэд халдаагүй учраас сануулга өгөөд өнгөрсөн байх. Бидний зүгээс хуулиа биелүүлж, хийсэн зүйлдээ хариуцлага хүлээнэ гэдгээ бүрэн илэрхийлсэн. 

-Сүүлд ШӨХТГ-аас та бүхнийг дуудаж тайлбар авсан байсан. Тайлбарын дараа болсон үйл явцын талаар яривал. Сүүлд ногдуулсан торгуулийг хүчингүй болгосон гэж сонслоо?

-ШӨХТГ-аас эхэндээ бидэнтэй ямар ч “контакт” үүсгээгүй. Шуурхай зар сониныг л худал мэдээлэл хэвлэн нийтэлж, түгээсэн гэсэн шалтгаанаар таван сая төгрөгөөр торгохоор болсон. Харин бидний зүгээс хариуцлагаа үүрээд уг торгуулийг төлөх болсон талаараа хэлэх гэж ШӨХТГ дээр очсон юм. Бас нэг шалтгаан нь тус газраас биднийг нэг ч удаа дуудаж, холбогдоогүй хэрнээ өөр газар ярилцлага өгөхдөө “хоёр, гурван удаа дуудсан боловч ирээгүй” гэж хэлсэн байсан. Гэхдээ би тэдэнд бурууг өгч байгаа юм биш. Дунд нь эндүүрэл үүссэн юм шиг байна лээ. Уулзаж буруу ойлголтоо залруулсан ч биднийг дахин таван сая төгрөгөөр торгохоор болсон. Ингээд нийт 10 сая төгрөгийн торгууль төлөх болсон ч бидэнтэй дахин холбогдож, “Та бүхэнд энэ удаад сануулга өгье. Харин Шуурхай зар сонины торгууль болох таван саяыг төлөөрэй” гэсэн. Бидний зүгээс ч шаардлагыг хүлээн авсан.

-“Аав зарна” гэдэг зар цахим орчныг нэлээдгүй шуугиуллаа. Та бүхний хувьд киноныхоо маркетингийг анхнаасаа ингэж хийнэ гэж төлөвлөсөн байсан уу. Эсвэл сүүлд ийм санаа төрсөн үү?

-Анх киноныхоо зохиолыг бичиж эхлэх үедээ бид бүх төлөвлөгөөгөө гаргадаг. Кино дотроосоо маркетингаа олдог гэсэн үг. Киноны үйл явдлаар маркетингаа хийнэ гэж төлөвлөсний дагуу бид  “Шуурхай зар” сонинд зар гаргаж, авсан хэсэг юм. Тэгэхээр анхнаасаа төлөвлөсөн байсан гэсэн үг.

-УРАН БҮТЭЭЛЧИД “ДУУГАРАХГҮЙ” Л БАЙГАА БОЛОХООС БУСАДТАЙ Л АДИЛ ХҮНД БАЙДАЛД БАЙНА”

-Зарыг нийтэлсний дараа кинотой холбоотой эерэг, сөрөг сэтгэгдэл хүмүүсээс хэр ирж байна. Тухайн үед хүмүүст ингэж их хүрнэ гэж бодоогүй гэж ярьж байсан шүү дээ?

-Зарыг нийтэлсний дараа манай “Oi” энтертайментын хандалт их өссөн. Зарим хүн уурлаж байхад зарим нь баярлаж, эерэг талаас нь харж байсан. Хүн бүр өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн өнцгөөр хандаж байгаа нь харагдсан гэх үү дээ. Пейж рүү орж киноны маань трейлэрийг үзсэн хүмүүсийн дунд “Ийм гоё трейлэртэй кинонд тийм маркетинг хэрэг байсан юм уу”, “Трейлэр тавихад л хүмүүсийн хандалтыг хангалттай авах хэмжээний кино болсон юм биш үү” гэх мэт сэтгэгдэл бичсэн хүн зөндөө байсан. Бидний гол зорилго бол хамгийн түрүүнд тухайн хүнд өөрийнх нь аав, ээжийг нь бодогдуулахыг хүссэн юм. “Би аав, ээжийгээ хайрлаж байгаа билүү, тэдэнтэйгээ хангалттай цагийн өнгөрөөж байгаа билүү” гэж өөрт нь дүгнэлт хийлгэхийг хүссэн.

-“Аав зарна” гэдэг зарыг нийтлүүлж байхдаа хууль зөрчиж болзошгүй юм байна гэдгийг мэдэж байсан уу. Хуулийн хариуцлагыг тооцож үзсэн үү?

-Мэдээж тооцож үзсэн. Анх “Шуурхай зар” дээр очиход л “худал мэдээлэл нийтэлж болохгүй” гэж байсан. Харин бид “хариуцлагаа 100 хувь өөрсдөө хүлээнэ. Санаа зовох зүйл байхгүй” гэж зараа нийтлүүлсэн. Гэхдээ бидний мэддэг ерөнхий хуулиас задраад маш олон асуудал үүсдэг юм байна лээ.

-Уран бүтээлчдийн зүгээс марктенгтэй холбоотой ямар сэтгэгдэл хэлсэн бэ. Ялангуяа ахмад уран бүтээлчид зэмлэх эсвэл эерэгээр хүлээж авах тохиолдол гарсан уу?

-Сая хэлсэнчлэн хүн бүр л өөр өөрийн өнцгөөс харж, хүлээж авсан даа. Ихэнх нь маркетинг нь арай “хатуудчихсан уу”, “юу болж байна” гэх мэтээр санаа зовсон байдалтай холбогдож байсан. Гэхдээ бид яг өөрсдийн хүссэн, зорьсон зүйлээ л цаг хугацаанд нь хийсэн.

-Киноны талаар яриагаа үргэлжлүүлье. Хэзээ зураг авалтаа хийж дууссан бэ?

-“Гайхамшигт ертөнц” бол адал явдалт, дундаа жижиг комедитой уран сайхны кино. Зураг авалтын хувьд өнгөрсөн оны намар хийж дуусаад 11 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тавьсны улмаас хойшилсон. Хойшлогдсоор гуравдугаар сарын 17-нд нээнэ гэж төлөвлөж, гуравдугаар сарын нэгнээс эхлээд маркетингаа хийж эхэлсэн. Гэсэн ч халдварын тохиолдол нэмэгдсээр дахиад л хойшлуулахаас өөр аргагүй боллоо.

-Арваннэгдүгээр сараас хойш хойшилж байгаа юм байна. Кино уран бүтээл асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үндсэн дээр “босдог”. Тэр хэмжээгээрээ та бүхэнд хохирол учирч байгаа байх?

-Мэдээж хүндээр тусаж байна. Маркетинг хийх болгонд зардал гардаг. Үзэгчдийн дунд хүртэл “Гайхамшигт ертөнц” гэдэг кино нээлтээ хийсэн эсэх нь эргэлзээтэй болоод үлдчихэж байгаа юм. Киноны нээлтийн мэдээллийг дахин хүмүүст хүргэх тоолонд тодорхой хэмжээний зардаг гарсаар байдаг. Уран бүтээлчид өөрсдөө хэлэхгүй байгаа болохоос бусадтай л адил хүнд байдалд байгаа. Хоёр жилийн хугацаанд ажил нь зогсчихлоо шүү дээ. Кино, реклам, тоглолт, арга хэмжээ гээд бүгд зогсчихлоор уран бүтээлчдийн ч ажил зогсонги байдалд орно. Хэцүү даалгавартай бид нүүр тулчхаад байгаа ч дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал учраас яах ч аргагүй байдалд орчхоод байна. Сайхан цаг ирээсэй гэж бүгд бодож, тэвчээртэйгээр хүлээж байна.

-ХҮРЭХ ХҮНДЭЭ ХҮРЧИХСЭН УЧРААС ЗАРЫГ НИЙТЭЛСЭНДЭЭ
ОГТ ХАРАМСАХГҮЙ БАЙНА-

-Энтертайментынхаа талаар яривал. Ихэвчлэн залуу уран бүтээлчдийн баг хамтран ажилладаг юм шиг санагдлаа?

-“Oi” энтертаймент байгуулагдсан цагаасаа хойш нийт 10 уран бүтээл гаргаад байна. СУИС-ийг 2012 онд жүжигчний мэргэжлээр төгссөн залуус нийлээд “Oi” энтертаймент байгуулж, 2014 оноос хойш зогсолтгүй уран бүтээл хийгээд явж байна. 2015 онд бид “Хүсэл” нэртэй анхны нэг ангитай уран бүтээлээ хийж байлаа. Энэ киног хийсэн түүх их гоё, дурсамжтай. Анх бид кино багаа бүрдүүлээд бүх зүйлээ бэлэн болгочихсон байтал зураг авалт эхлэхээс хоёрхон хоногийн өмнө продюсер маань боломжгүй болсон гэдгээ хэлсэн. Гэтэл н.Буянаа гэдэг ах бидэнд тусалж, ивээн тэтгэсний хүчинд киногоо хийж чадсан. Бүх зүйл цаанаасаа бүтэж кино маань ч бидний төсөөлөөгүй амжилтыг авч ирсэн.

-Одоо олон ангитай кинон дээр ажиллаж байгаа юм байна. Ямар кино гэдгийг асууж болох уу?

 -Хорио цээрийн улмаас зураг авалт нэлээн хойшилсоор хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн. Энэ олон ангит кино хүмүүст “цочроо” өгнө. “Гайхамшигт ертөнц” шиг шуугиан тарина гэж бодож байна. Тэсрэлт хийх тийм л уран бүтээлийг бид хийж байгаа.

- “Гайхамшиг ертөнц” өмнөх уран бүтээлүүдээс тэс ондоо маркетингтай байлаа шүү дээ. Зарыг нийтэлснийхээ дараа арай өөр маркетинг хийдэг байж дээ гэж харамссан уу?

-Үгүй. Ерөөсөө харамсаагүй. Хүрэх хүндээ хүрсэн учраас бид харамсахгүй байгаа. Бид гурван жилийн төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Кино бүрийг нарийн төлөвлөж, яаж маркетинг хийхээ хүртэл тооцоолдог. Бид бодсон, төлөвлөсөн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж хөрсөн дээр  буулгасан. Тэрнээс биш зүгээр орон дээрээ хэвтэж байгаад, уйдсандаа ийм санаа олоогүй.

-Соёлын яамнаас зохих шалгалтыг хийсний дараа киноныхоо нээлтийг хийх үү. Ер нь хэзээ олны хүртээл болгохоор төлөвлөж байна?

-Мэдээж тэгнэ. Гэхдээ ковидын нөхцөл байдлыг хамгийн түрүүнд харна. Манай улсад өвчлөл намжиж, цаг сайхан болохоор киногоо нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ярилцлагаа өндөрлөх тийш нь хандуулъя. Залуу уран бүтээлчдийн хувьд энэ удаагийн кино марктенгээс юуг сурч мэдсэн бэ. Алдсан ч бай, оносон ч бай?

-Хүн аливаа зүйлийг хийж байж л сурдаг. Юм хийсэн хүн л алдаа гаргадаг. Юу ч хийхгүй хүн ямар ч алдаа гаргахгүй. Бид өөрсдийн хүсэл, мөрөөдлөөр амьдарч байна. Анхнаасаа СУИС-д сурч, жүжигчин болно гэж мөрөөдсөн залуус одоо ч мөрөөдлөө дагаж хүслээрээ амьдарч байна. Энэ удаагийн маркетингаа ч зөв хийсэн, маркетингийг жинхэнэ утгаар нь хийж чадсан гэж бодож байна. Сайн ч бай, муу ч бай манай уран бүтээлийг үзсэн үзэгчид “энэ зүйлийг ойлгуулахын тулд ийм маркетинг ашигласан юм байна” гэдгийг ойлгох байх.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

"Гайхамшигт Ертөнц" киноны албан ёсны трейлэр




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө