Хээр цогцос булахад оролцсон этгээд цагдаад дуудлага өгсөн нь тогтоогджээ

Хээр цогцос булахад оролцсон этгээд цагдаад дуудлага өгсөн нь тогтоогджээ

Долдугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага ирсэн байдаг. 

Ингээд цагдаагийн байгууллага Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй “Э”-г гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдлыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулахад энэхүү хэргийг тухайн аймагт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нар хамт архидан согтуурч байх үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар Э-н амь насыг нь хөнөөгөөд, хээр булсан илэрсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, Амиа алдсан иргэний цогцсыг малаа хариулж яваад олсон хэмээн анх цагдаад дуудлага өгсөн иргэн тус хэргийн хамжигч гэдгийг нь цагдаагийн байгууллага тогтоосон байна.

Учир нь тус малчнаар нүх ухуулж, гэмт этгээдүүд амиа алдсан Э-н цогцсыг түүнтэй хамтарч булсан нь мөрдлөгийн явцад тогтоогджээ. Ингээд цогцос хээр булахад оролцсон малчин хэрэг гарсны маргааш өдөр нь цагдаад дуудлага өгсөн байжээ. 

Тус хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж, сэжигтэн  Б, Д, Х нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа ажээ.