МХЕГ-ын дарга Т.Гантулга “чиглэл байхгүй” хүмүүст улсын байцаагчийн эрх өгсөн үү

МХЕГ-ын дарга Т.Гантулга “чиглэл байхгүй” хүмүүст улсын байцаагчийн эрх өгсөн үү

Өнгөрөгч 2020 оны долдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын дарга, улсын ерөнхий байцаагчаар Т.Гантулга томилогдсон. МХЕГ-ын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, …нөхцөлийг бүрдүүлэхэд оршино гэдэг. 

Иймд Улсын ерөнхий байцаагч буюу МХЕГ-ын дарга хуульд заасны дагуу тодорхой чиглэл, чиглэлийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчдыг томилж ажиллуулдаг. Нөгөө талаар МХЕГ-ын зарим байцаагч нь хүнд суртал гаргаж, авилгын хэрэгт холбогдож, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж байна гэх шүүмжлэлд өртдөг. 

-МХЕГ-ЫН ХҮНИЙ НӨӨЦ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН ЗЭРЭГ “ЧИГЛЭЛ БАЙХГҮЙ” АЛБА ХААГЧДАД УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ӨГСӨН ҮҮ-

Тэгвэл МХЕГ-ын дарга Т.Гантулга холбогдох хууль, журам зөрчиж, “чиглэл байхгүй” алба хаагчид буюу МХЕГ-ын газрын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, гадаад харилцааны болон хуулийн мэргэжилтэн, цаашлаад хүний нөөц, бичиг хэргийн ажилчдад “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч болон улсын байцаагч” гэсэн эрх өгч, албаны болон хувийн дугаар олгосон байж болзошгүй байна. 

Дээрх "чиглэл байхгүй" алба хаагчдад "байцаагчийн эрх" өгсөн үү

Учир нь "Төрийн хяналт шалгалтын тухай хууль"ийн 10.4 –д Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно. 10.6 –д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна. 10.7 –д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө гэж заажээ.

-МХЕГ-ЫН НЭРИЙГ БАРЬЖ БУСДАД ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ-

Мөн Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын “2.1.3 –д Улсын байцаагч нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил, улсын ахлах байцаагч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тус тус ажилласан байна. Салбарын ажлын онцлогийг харгалзан тусгай шаардлага тавьж болно … ” гэж заажээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулинд тус салбарт уул уурхайн улсын байцаагч хяналт тавина гэж заасан байдаг. Иймд тодорхой "чиглэл байхгүй" МХЕГ-ын алба хаагчдад Мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх өгсөн нь үнэн бол “хэн хамаагүй” чиглэлийн хүн тус байгууллагын нэрийг барьж бусдад дарамт үзүүлж болзошгүй юм. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө