Маргааш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажуулна

Маргааш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажуулна

Маргааш буюу 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын Капитолд Сенат болон Конгрессын хамтарсан хуралдаан болж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах гэж байна. Энэхүү хуралдаан нь тодорхой үе шатын дагуу явагддаг бөгөөд муж бүрийн сонгуулийн саналыг нэгтгэж баталгаажуулах юм.

2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Америк даяар эхэлсэн сонгуулийн санал хураалтын үр дүнг өнгөрсөн сард муж улсууд баталгаажуулсан. Санал хураалтаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 306, Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авч, Байден үнэмлэхүй ялалт байгуулсан гэж хэлж болно. Гэсэн ч АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн санал хураалтад булхай орсон гэж мэдэгдсээр байгаа. Тодруулбал, цар тахлын улмаас шуудангаар санал авсан нь сонгуулийг луйвардах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм.

Түүнийг маргааш болох хуралдаанд оролцох Конгрессын гишүүдтэй уулзаж Байдены эсрэг санал өгөхийг ятгаж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ энэ нь төдийлөн амжилт олохгүй гэж улс төр судлаачид дүгнэж байгаа нь нууц биш юм.  

Ташрамд дурдахад, Нью-Йоркт төвтэй Олон улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын судалгааг голчлон хийдэг “Euroasia group”-ийн шинжээчид 2021 оны олон улсын түвшинд тулгарч болох хамгийн гол 10 эрсдэлийг нэрлэсэн. Үүнд Д.Трамп сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй байх эрсдэлийг оруулсан юм. Тодруулбал, Жо Байденг тангараг өргөсний дараа АНУ-ын хүн амын тал нь төрийн тэргүүнээ хууль бус гэж үзэх эрсдэл тулгарах магадлалтай байгаа аж.

Эх сурвалж: WashingtonPost




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө