Сураггүй алга болсон ээжийг нь нууцаар хорьж, 20 жилийн ял оноосон байжээ

Сураггүй алга болсон ээжийг нь нууцаар хорьж, 20 жилийн ял оноосон байжээ

Өнгөрсөн 2018 оны есдүгээр сураггүй алга болсон Уйгур бүсгүй Гулшан Аббасыг Хятадын Засгийн газар баривчилж, хорьж байсныг нь охин нь саяхан мэджээ. Лалын шашинт уйгур эмч Гулшан Аббасын дүү нь эрх чөлөөний төлөө тэмцэгч бөгөөд энэ шалтгаанаар түүнийг баривчилсан байна. Улмаар 2020 оны гуравдугаар сард Гулшанд терроризмтой холбоотой хэргээр Хятадын Засгийн газраас 20 жилийн хорих ял оноосон байжээ.

Гулшан Аббасын дүү гэх Рушан Аббас нь Хятадын Коммунист намаас үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй харгислалын талаар нэлээдгүй шуугиан дэгдээсэн идэвхтэн юм. Үүнийг нь дөрөөлж Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Аббасыг "террорист" байгууллагад элсэх, террорист үйл ажиллагаанд туслах, "нийгмийн дэг журмыг зөрчих зорилгоор олон хүн цуглуулах" гэмт хэргээр шийтгэсэн аж. 

Гулшан Аббасын дүү Рушан Аббас. Тэрээр эгчийгээ алга болсноос хойш олон удаа эсэргүүцлээ илэрхийлсэн юм

Түүний охин Зиба Мурат "Миний ээж бол эмнэлгийн мэргэжилтэн, улс төрөөс ангид, сайхан сэтгэлтэй, амьдралаа хүмүүст туслахад зориулсан нэгэн. Ээж маань цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байсан” гэж ярьжээ.

Энэ асуудалд АНУ-ын талаас эрс эсэргүүцсэн байр суурь илэрхийлж эхэллээ. Тодруулбал,  АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан туслах Роберт Дестро твиттер хуудсаараа дамжуулан Гулшан Аббасыг суллах ёстой хэмээн мэдэгдэж, "Түүнийг хүчээр баривчилж, хорьж, хатуу ял оноожээ. Хүний эрхийг үл хүндэтгэдэг Засгийн газрын эсрэг дуугарсны үр дагавар” гэсэн байна. 

БНХАУ 2017 оноос эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн үндэсний цөөнхүүдийг хорих, барьж цагдах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Тус оноос хойш нийт 380 гаруй хорих байр барьсан бол 2020 он хүртэл жил бүр шинэ өргөтгөл барьж байгаа юм.  

Эх сурвалж: Wionews