"Амар" зочид буудалд тусгаарлалтын дэглэм алдагдсан эсэхийг хяналтын камер шүүж тогтооно гэв

"Амар" зочид буудалд тусгаарлалтын дэглэм алдагдсан эсэхийг хяналтын камер шүүж тогтооно гэв

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 гаруй иргэн ирж, тус иргэдийг хороолол дахь “Амар” зочид буудал болон “Жаргалант” сувилалд хуваарилан тусгаарлаж байсан билээ. Харин тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч “Амар”зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлсэн юм. Тус буудалд байрлаж байсан нэг эмч, таван иргэнээс халдвар илэрсэн бөгөөд иргэдийн зүгээс “олон сар хичээж, тэмцэж гадаадаас эрүүл ирсэн ч тусгаарлах байрнаас халдвар авчихлаа, ”Амар” гэх буудал нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, маш бохир мөн үйлчилж буй эмч ажилчид нь гараа ариутгаж, нэг удаагийн бээлийгээ солидоггүй” хэмээн цахим орчинд ихээхэн шүүмжилж буй.

Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Франкфуртээс ирж, "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан долоон хүнээс 14 хоногийн дараа халдвар илэрч байгаа нь тусгаарлагдах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн учраас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Тусгаарлалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, дэглэм зөрчсөн үү гэдгийг тухайн буудлын хяналтын камерыг шүүж тогтооно. Үүнээс иргэд гаднаас халдвартай ирээд 14 дэх хоног дээрээ илэрсэн үү, эсвэл зочид буудлын нөхцөл байдлаас шалтгаалсан уу гэдэг дүгнэлт гарах ёстой. Өнөөдрийн байдлаар эцсийн дүгнэлт хийх боломжгүй" гэж мэдээллээ.