Б.Энхбаяр: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улиран нэр дэвших эрхгүй болох МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Б.Энхбаяр: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улиран нэр дэвших эрхгүй болох МАГАДЛАЛТАЙ БАЙНА

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Энэ шатанд ажлын хэсгүүд заалт тус бүрийн үг үсэг, таслал, цэг дээр нарийвчлан ажиллаж байгаа юм. Чухам ямар заалтыг хэрхэн, яаж өөрчлөх, анхаармаар ямар асуудлууд байгаа болон шүүх эрх мэдлийг нэмэгдүүлэх, хараат бус байдлыг хамгаалахтай холбоотой ямар заалт Үндсэн хуульд орж буй талаар хуульч Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.  

СОНСОХ:

-ШҮҮХ ЭРХ, МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗААВАЛ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой ямар заалт орж байна вэ?. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурсан энэ цаг үед шүүхийн хариуцлага, эрх мэдлийн талаар зайлшгүй ярих шаардлагатай гэж үзэж байгаа учраас тантай уулзаж байна.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой нэлээн том өөрчлөлт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд орохоор байна. Ийм том өөрчлөлт хийх шаардлагагүй гэж би үзэж байгаа. Заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хуулиа өөрчлөөд шийдвэрлэж болно.

-Яагаад?

-Өнөөдрийг хүртэлх 27  жилийн замналыг харахад шүүх эрх мэдлийн хараат байдлыг алдагдуулж, мафижуулж, авлигажуулсан нь Үндсэн хуулиас биш тухайн үед ажилласан Ерөнхийлөгч болон шүүх эрх мэдэлд хязгааргүйгээр нөлөөлөх боломжийг олгосон ердийн хуулиудыг УИХ-аар баталсантай холбоотой. Тиймээс дээрх болж, бүтэхгүй асуудлыг ердийн хуулийг өөрчлөх замаар шийдэх бүрэн боломжтой. Бид сайн, сайхан өөрчлөлтийг төсөөлөөд Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа гэхэд  цаашид гарах үр дагаврыг нь мэдэхгүй.  Ирээдүйд гарах үр дагаврыг урьдчилж бүрэн харж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ.

-Тухайлбал, заавал Үндсэн хуулиар өөрчлөх шаардлагагүй ямар заалтыг оруулах гэж байгаа юм бэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо одоогийн Үндсэн хуульд тодорхой тусгагдаагүй. Харин Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр 10 гишүүнтэй байна тэдгээрийн тавыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилдог болох гэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг 100 хувьд мэдэлдээ байлгаж буй учир тус байгууллагын 50 хувийг нь УИХ-ын мэдэлд өгөх гэж байна. Хэрвээ ингэж чадвал Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бус болно гэж бодоод байх шиг байна. Гэтэл 1992 оны Үндсэн хуулиар шүүхийг УИХ-аас хараат бус байлгахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлийг тусад нь байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг УИХ-аас томилдог болчихвол шүүх хараат бус болно гэж яриад байгааг ойлгохгүй байна. УИХ нь ард түмнээс сонгогдсон иргэний нийгмийн байгууллага боловч нөгөө талаар улс төрийн байгууллага шүү дээ.  

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг ганц Ерөнхийлөгч бус УИХ-аас томилдог болохоор өөрчилж байгаа юм байна. Ингэхдээ заавал Хууль зүйн байнгын хорооноос томилох нь хэр зөв бэ?

-УИХ-ын зохион байгуулалтын бүтцээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоог хийхээр болж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа.   Байнгын хороо нь УИХ-ыг бүрэн төлөөлж, ард түмний өмнө хариуцлага хүлээдэг байгууллага биш шүү дээ. Хэдэн жилийн дараа шүүх хараат болж, авлигажиж, буруу зөрүү хүмүүс томиллоо гэх шүүмжлэл яригдвал хариуцлагыг УИХ, Байнгын хорооны алинтай нь ярих юм. Байнгын хорооны даргыг жил бүр өөрчилдөг. Жил бүр дарга нь өөрчлөгдөж буй бүтэцтэй тав, арван жилийн дараа хариуцлага яаж ярих юм. Хариуцлага ярих бол ядаж УИХ-тай ярих ёстой. Тэгэхээр томилгоог Байнгын хороо бус УИХ-аас хийх ёстой. Нөгөөтэйгүүр УИХ тэгш тоотой бүтцийг томилох нь эрсдэлтэй. Одоогийн Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хараат бус байдлыг хангаж ажиллана гэсэн нэр томьёолол байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь ажиллана” гэж хэлсэн байна. Үүгээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгууллага гэх шинжийг салгаж бие даасан салангид хүмүүс мэтээр томьёолж бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн онцлог нь хамтын удирдлагын байгууллага буюу асуудлыг олонхоороо хэлэлцэж санал хурааж шийддэгт оршдог. Гэтэл өөрчлөлт оруулахаар бэлтгэж буй томьёоллоос үүдээд энэ байгууллага шийдвэрийг хэрхэн гаргах юм гэдэг нь бүдэг болж байна. Арван гишүүнтэй учраас тав, таваараа санал нь тэнцэх тохиолдол гарч мэднэ. УИХ өөрийнхөө томилсон таван хүнээр дамжуулан саналаа хайрцаглах магадлал өндөр.

Санал тэнцвэл яах вэ гэдэгт хариулт өгч чадахгүй байна шүү дээ. Үүнээс улбаалаад дараа, дараагийн томилгоонд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг нь мөн л хариултгүй байна.

Үндсэн хууль нийгмийн амьдралын гал тогоо, эрэг шураг болгон руу орох албагүй. Уян хатан чанараа үргэлж хадгалж байх ёстой. Амьдралаас гарах асуудлуудыг уян хатан байдлаар шийдэх чадвартай байх ёстой. Хатуу хайрцаглаж хуульчилбал уян хатан чанар нь алдагддаг. Үндсэн хууль хөгжлийг дэмжиж, урагшлуулдаг болохоос түгжээ, гацаагч шинж чанартай байж болохгүй.

-ШҮҮГЧИЙГ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ Л ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ОЛОН УДАА ДУУДАГДАХ БАЙХ-

-Таны сая хэлсэн шиг шүүмжлэлтэй заалтуудаас гадна өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулсан заалтууд орж байгаа юу?

-Дэмжиж буй тодотгол бий. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийнхөө үзэмжээр шүүгчийг халдаг эсвэл томилохоос татгалздаг байдлыг тодорхой болгох гэж буй нь дэвшилттэй. Өмнөх Ерөнхийлөгч 10 гаруй шүүгчийг үндэслэлгүйгээр томилохгүй байсан тохиолдол бий. Томилохгүй байж болох ч үндэслэлээ заавал хэлэх ёстой шүү дээ.

-Сүүлийн өдрүүдэд нэг үйл явдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан тухай юм. Гэтэл ямар үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаагаа хэлсэнгүй?

-Шүүгчийг хуульд заасан үндэслэлээр л чөлөөлөх Үндсэн хуулийн заалттай. Гэтэл өнөөдөр энэ үндэслэл нь харанхуй бүдэг, ойлгомжгүй нууц байна. Ажлаасаа түтгэлзсэн хүмүүс ямар үндэслэлээр түтгэлзэж буйгаа мэдэхгүй байна. Ийм оньсого таалгаж байгаа юм шиг ойлгомжгүй байж болохгүй. Чөлөөлөгдөж буй үндэслэл нь ил байж болдоггүй юм уу?.

-Зарим тохиолдолд УИХ-ын гишүүд шүүхийн хараат бус байдал, эрх мэдэл рүү халддаг. Саяхны нэг өдөр УИХ-ын нэр бүхий таван гишүүн мэдээлэл хийж зарим шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгч рүү хүргүүлэхээ мэдэгдсэн. Үүнийг засах шаардлагатай юу?  

-Нууц буюу хаалттай бүхний цаана хардалт, хов жив л явна. Энэ нь ч аргагүй юм.   Шүүгчдийг 120 сая долларын авлига авсан гэх мэдээлэл гарсан. Ийм их мөнгө авна гэж байх уу. 100, 100 тэрбум төгрөгийн авлигын асуудал биз дээ. Гэтэл дараа нь 120 сая биш 120 мянган доллар юм байна гэж УИХ-ын нэг гишүүн гишүүн бичсэн байсан. Энд ойлгомжгүй асуудлууд их байна. Эсвэл зориуд олон нийтийг цочоож айлгасны дараа шүүгчийг чөлөөлөх гээд байгаа юм уу. Авлига авсан, өгсөн нь ажлаас нь чөлөөлөх үндэслэл юм бол шийдвэр нь ил байж болохгүй юу?.

-Шүүгчийг зургаан жил томилдгийг есөн жил болгон өөрчилж байгаа нь хэр судалгаатай тоо вэ?

-Хугацааг ердийн хуулиараа тодорхой болгож болно. Ердийн хуулиараа шийдэж болох асуудлыг заавал Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Энэ мэт асуудал нь маргаан дагуулах магадлалтай. Ер нь шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргаж буйгаараа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр олон удаа дуудагдах байх гэж бодож байна. Нэг шүүгчийг үндэслэлгүйгээр халж, томилохтой холбоотой маргаанаас болж Цэц дээр төрийн тэргүүнтэй байх, байхгүйн асуудал их сөхөгдөх байх. Тэгэхээр Үндсэн хуульд дураараа заалт оруулах нь гинжин урвалд орж сөрөг үр дагаврыг авчрах магадлалтай.

-Өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Дэд ажлын хэсэг энэ өдрүүдэд яг ямар асуудал дээр ач холбогдол өгч ажиллаж байна. Тухайлбал, яг ямар заалтыг өөрчлөх шаардлагатай гэж дэд ажлын хэсгээс үзэж байгаа вэ?

-Үг, таслал, цэг бүр дээр ажиллах ёстой шүү дээ. Санаатай, санаандгүй алдсан засах шаардлагатай заалтууд байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2021 ОНД УЛИРАН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА-

-Тухайлбал?

-Олон заалтыг хэлж болно. Үндсэн хуулийн нэг үг улс төрийн олон үр дагаврыг  гаргадаг учраас имэрч, чимхэж ярихгүй бол болохгүй.

Монгол улсын Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Нэг удаа улируулж болно гэсэн заалт одоогийн Үндсэн хуульд бий. Үүнийг Үндсэн хуулийн өнөөдрийн өөрчлөлтөөр нэг удаа зургаан жилээр сонгодог болгохоор өөрчилж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг 2020 оноос хүчингүй болгох дагаж мөрдөх журмын төсөл орж ирсэн. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин улиран сонгогдох эрхийг хязгаарлахгүй гэдэг үндэслэлээр “Зургаан жилийн хугацаагаар нэг удаа улиран сонгогдох хугацаа нь 2025 оноос үйлчилнэ” гэж дагаж мөрдөх хуулиар хийсэн.

Үүнд гурван асуулт гарч ирж байна. Нэгдүгээрт, нэг удаа улирч болно гэдэг заалтыг 2020 оноос хүчингүй болгочихлоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй болчихож байна уу. Учир нь "улирч болно" гэдэг заалт Үндсэн хуулийнхаа заалтаас 2021 онд нэгэнт байхгүй болчихсон байх юм. Хоёрдугаарт, 2025 оноос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар сонгогдох энэ заалт нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүст хамаарах уу. Хамаарахгүй гэж хэлэх хаалт алга. Тэд 2025 онд шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхтэй болж байна. Учир нь нэг л удаа улирна гэдэг заалт хүчингүй болчихно. Гуравдугаарт, 2021 онд Х.Баттулгаас өөр шинэ хүн Ерөнхийлөгч болбол тэр хүн 4 жилээр сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч болох уу, эсхүл 2025 онд улиран сонгогдож нийтдээ 10 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой сүүлчийн Ерөнхийлөгч болох уу гэдэг дээр бас хариулт алга.

-ЗАСАХ ШААРДЛАГАТАЙ ОЛОН ЗААЛТ БАЙНА. САНАЖ, СЭРЭЭСЭЙ ГЭЖ ХЭЛЖ  БАЙНА-

-Мөн УИХ-ыг тараахтай холбоотой заалт дээр засах шаардлагатай зүйл байгаа гэж мэргэжилтнүүд ярьж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд "Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна" гэсэн заалт орж ирж байна. Ерөнхий сайдыг томилохгүй олон хонодог. Үүнээс үүдэлтэйгээр улс орны ажил гацдаг учраас аль болох богино хугацаанд Засгийн газрыг бүрдүүлдэг болгохоор энэ заалтыг оруулж  ирж байна. Санаа нь зөв. Аль болох хурдан Засгийн газрыг бүрдүүлэх нь тустай. Гэхдээ Үндсэн хуулийн яг энэ томьёолол буруу. Учир нь Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш гэдэг заалтад маш олон нөхцөл орж болно. Тухайлбал, нас барсан, хүнд өвчтэй байсан хугацаа нь орох байх. Ерөнхий сайд маш хүндээр өвдөөд сэхээнд орчихвол яах вэ. 30 хоног байтугай олон сараар комд орчихвол яах вэ. Тэгэхээр сэхээнд орсон өдрөөс нь эхлэн 30 хоногийг тоолж эхлэх юм уу, эмчийн дүгнэлт гарсанаас хойш 30 хоногийг тоолох юм уу. Үнэхээр найдваргүй болчихлоо гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас эхлэн тоолох юм уу. Анх өвдсөн өдрөөс нь эхлэн тооллоо гэж бодоход эдгэрэхийг нь хүлээгээд 30 хонож байсан чинь УИХ тарах нөхцөл байдал үүсэх юм уу. Ер нь нэг хүн хүндээр өвдсөнөөс болж парламент тарж болох юм уу. Ерөнхий сайд ой модонд төөрснөөс болоод нас барвал яах вэ. Хайсаар 31 хоногийн дараа түүнийг олбол тэр өдрөөс эхлэн тоолох юм уу. Эсвэл нас барсан өдрөөс нь эхлэн тоолох юм уу. Энэ бол тайлбар шаардсан асуудал. Түүнчлэн УИХ-д хэн нь ч олонх болж чадаагүй, нэг нам дангаараа Засгийн газраа байгуулах боломжоо алдсан улс төрийн нөхцөлд зориуд Ерөнхий сайдыг томилохгүй саад учруулж байгаад 30 хоногийг нь өнгөрөөж УИХ-ыг тараагаад дахин сонгууль явуулах сонирхлыг цөөнх аргавал яах вэ. Бүр нэг нам олонх болсон ч дотроо “Миний хүнийг томилохгүй бол чиний хүнийг хэзээ ч томилохгүй, УИХ-ыг тараана” гэж хоорондоо талцаж, нэг нэгнээ шантаажилж хэрэлдээд байвал яах уу. Энэ эрсдэлийг мөн тооцоолох ёстой.

2004-2008 оны УИХ-д хэн нь олонх болж чадалгүй 5 намын хамтарсан Засгийн газар чүү ай байгуулагдаж л байсан. Тиймэрхүү нөхцөл үүсэхэд УИХ-д ганц суудалтай намууд болон бие даагчдад даврах боломжийг олгоно. Тэд “Манай намд 2-3 сайдын суудал өгөхгүй бол УИХ-ыг тараана” гэж мэдэхээр байна. Ерөнхий сайдыг томилохгүй 30 хоногийг өнгөрөөж байгаад УИХ-ыг тараана гэж магадгүй. Одоо ч Ардчилсан нам болон Ерөнхийлөгч УИХ-ыг тар гэж байгаа. Намуудын УИХ дахь суудлын тоо ойролцоо үед аль нэг нь тарах санаачлага гаргавал тарааж болохоор нөхцөл байдал үүснэ. Мөн Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьбал яах вэ. Манай ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон шийдвэрт хориг тавьж байсан хүн шүү дээ. Ерөнхийлөгчид ийм эрх байхгүй ч УИХ хоригийг нь хэлэлцсэн практик байна. Ерөнхийлөгч тав хоногийн дотор хориг тавих эрхтэй. Тавьсан хоригийг тав хоногийн дотор УИХ-аар хэлэлцэнэ. Ингээд нөгөө 30 хоногийн 10 хоног нь хоригтой ноцолдсоор байтал дуусна. Энэ 10 хоног нь 30 хоногт тоологдох эсэх нь тодорхойгүй байна.  Тэгэхээр Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах сонирхол байгаад улс төрийн тоглолт хийвэл УИХ-ыг тараах нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэвэл яах вэ. Цэц 30 хоногийн дотор хэрэг, маргаан үүсгэнэ гэх тэр хооронд УИХ тарах нь байна. Энэ мэт ойлгомжгүй хувилбарууд их байна. Үндсэн хуульд энэ мэт ерөнхий заалтууд оруулж улс төр, эрх зүйн гүнзгий хямрал үүсгэх боломжийг нээж өгч болохгүй. Үүнийг тодорхой болгох боломжтой гэж бодож байна.

-Яаж тодорхой болгох боломжтой вэ?

-Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өөрт нь итгэж байгаа эсэхийг УИХ-аас асуух хэрэгтэй. УИХ Ерөнхий сайдад итгэж байвал огцруулах асуудлыг хөндөхгүй биз. Хэрвээ УИХ Ерөнхий сайдад итгэхгүй бодлогыг нь унагавал Ерөнхий сайд огцрох бөгөөд зөвхөн энэ үндэслэлээр огцорсноос хойш 30 хоногт багтаан дараагийн Ерөнхий сайдыг томилоогүй УИХ-тай хариуцлага тооцох ёстой. Тэгэхгүйгээр Үндсэн хуульд үндэслэл нэн тодорхой биш ерөнхий том уут нээж өгвөл олон сөрөг асуудлууд гарна. Ийм ойлгомжгүй байдлыг бий болговол цэцэд хэн нөлөөтэй нь өөртөө давуу байдлыг бий болгодог болно.  

-Та бүхний хэлж буй энэ саналуудыг хэр хүлээж авч байгаа юм?

-Мэргэжил арга зүйн талаас нь хэлэх үүрэгтэй ажлын дэд хэсэг ажиллаж байна. Хууль тогтоох бүрэн эрхтэй гишүүд энэ асуудлыг ярьж эмхлэх боломж бий. Тиймээс санаж, сэрээсэй гэж хэлж байгаа юм. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллагын хэмжээд бичих гэж байгаа бол түүний гаргах шийдвэрийн хүч чадал, хаана шийдвэр нь хянагдахыг хамт бичихгүй бол гүйцэтгэх эрх мэдлийн томилгоо руу хэт орж, Засгийн газрыг хүний нөөцийн бодлогоо мэдэх уян хатан байдлыг нь алдагдуулж мэднэ.

Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэж Үндсэн хуульд тодотгол хийж буй атлаа хүнээ мэдэх боломжийг нь хаасан бүтцийг Үндсэн хуулийн баайгууллага болгох шаардлага байгаа ч юм уу.  

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ