С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарыг дипломат албанаас чөлөөлжээ

С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарыг дипломат албанаас чөлөөлжээ

Монголын хоёр дипломат ажилтан хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдаж Герман улсад хоригдоод байгаа.  Үүнтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тогтоол гаргахаар болсон билээ.

Тус байнгын хорооны тогтоолтой холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Гадаадад биечлэн саатуулагдсан шалгагдсан гурван ажилтнаас С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нарыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд одоо нэг хүнийг нь шалгаж, халах арга хэмжээ авч байна. Түүнээс гадна эрх зүйн туслалцааны дагуу манай эрх бүхий байгууллагаас лавлагаа авч байсан, дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

УИХ-ын холбогдох байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт ажилтны томилогдсон шийдвэрийг судлан, шалгаж байна. Яам, дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин үнэлэх асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулна. Монгол Улсын тухайн улстай  харилцах харилцааны түвшинг үнэлж, Дипломат төлөөлөгчийн газар ажиллах, байгууллагын төлөөллийн ажилтнуудыг нягтлан шалгаж байгаа юм. Зарчмын хувьд дипломат төлөөлөгчийн газрын нийт ажилчдын 20 хүртэл хувьд нь төрийн бусад байгууллагын төлөөлөл ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Төрийн бусад албанаас томилогдсон хүмүүсийн  ажлын үр дүн хангалтгүй байгаагаас дипломат ажилтны нэр хүнд унаж байгааг үгүйсгэх аргагүй.

Түүнээс гадна дипломат болон албан паспорт ашиглах шилжилт хөдөлгөөн, дипломат дугаартай тээврийн хэрэгсэл тэдгээрийн  ашиглалт, бүртгэлийг  шалгах чиглэлийг дипломат төлөөлөгчийн газруудад өгсөн. Тодруулбал, суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар бүртгэлтэй үйлчилгээ техникийн ажилтнууд, тэдний гэр бүл, мөн дипломат төлөөлөгчийн газрын нэр дээрх бүртгэлтэй албаны болон ажилтнуудын нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг шинэчилж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал:

- 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.