М.Оюунчимэг: Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв, зүйтэй юм

М.Оюунчимэг: Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв, зүйтэй юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Уг хуулийн төслийг УИХ-ын Т.Энхтүвшин нарын найман гишүүн энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр бууруулснаар нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр урьдчилсан тооцоолол хийгдсэн ч цар тахлын онцгой нөхцөл байдалд ард түмний эрх ашгийн төлөө дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн бөгөөд эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотойг төслийн үзэл баримтлалд дурджээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг тус бүр 8.5 хувь болгох бууруулах нь зүйтэй бөгөөд цаашид ахмадуудад хангалттай хэмжээний тэтгэвэр олгохын тулд урт хугацаанд тэтгэврийн сангийн санхүүгийн найдвартай, тогтвортой байдлыг баталгаажуулах нь чухал. Үүний тулд шимтгэлийн хувь хэмжээ, нас, тэтгэвэр бодох аргачлал зэрэг тэтгэврийн параметрүүдийг тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн" гэлээ.