Францаас тусламжаар ирсэн , “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг угсрах ажил эхэлжээ

Францаас тусламжаар ирсэн , “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг угсрах ажил эхэлжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирсэн байна. Тус хоёр онгоцыг “Eznis airways” компаний агуулахад авчирсан бөгөөд одоогоор угсрах ажил явагдаж байгаа аж.

Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм. Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер өнгөрсөн доло хоногт манай улсад ирж ажилласан билээ.