СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас “гэрээслэл” үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас “гэрээслэл” үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ

Коронавирус цар тахлаас сэргийлэхийн тулд улс орон даяар хөл хорио тогтоож бүх шатны сургууль болон зарим салбарын үйл ажиллагаа зогссоны улмаас хүүхдүүд төөрч алга болох, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт  нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж, сэрэмжлүүлж буй.

Тухайлбал, ЕБС-ийн үйл ажиллагаа зогссон тул Сэлэнгэ аймгийн Баянгол суманд эмээгийндээ очоод байсан 16 А хүү хонинд яваад төөрч, амиа алдсан хэрэг энэ оны хоёрдугаар сард гарсан. Саяхан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 16 настай Т хүү ор сураггүй алга болж, амиа хорлосон байдалтай олдсон. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоох үеэр “Элизабет” хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж амиа алдсан. Түүний үхлийн шалтгааныг гэр бүлийн хүчирхийлэл гэж эх сурвалжууд тайлбарлаж буй.

-ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Тэгвэл саяхан гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, энэ долоо хоногийн мягмар гараг /2021.04.27/-т Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар тоот байранд оршин суух Л нь гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө боомилж амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд Л нь жижиг өрөөнийхөө хананд суурилуулсан турникээс шар өнгийн дурдан бүсээр боомилж нас барсан байдалтай олдсон хэрэг гарчээ. Харин цагдаагийн алба хаагчид хэргийн газраас амь хохирогч Л-ын бичиж үлдээсэн байж болзошгүй А4 хэмжээтэй хоёр хуудас гэрээслэл болон дөрвөн төрлийн 25 ширхэг эмийг хураан авчээ. Тус эмүүд нь даралт бууруулах, тайвшруулах, унтуулах үйлчилгээтэй байжээ.

-“ХҮҮГЭЭ “ААВАА” ГЭЖ ДУУДАХЫГ СОНСОХ САЙХАН БАЙСАН ШҮҮ” ГЭЖ ГЭРЭЭСЛЭЛД ДУРДСАН БАЙЖЭЭ-

Хэргийн газраас олдсон гэрээслэлд, “Тодорхой нэр бүхий хүмүүсийг дурдаад та бүхнээс болж миний амьдрал дууслаа. Хоёр хүүхдээ заавал сургууль төгсгөөрэй. Чиний гаргасан шийдвэрээс болж хүүхдүүд минь зовох нь. Бүх блокоо гаргаад миний бичсэн мессежийг уншаарай. Хүүгээ “ааваа” гэж дуудахыг сонсоод сайхан байсан шүү” гэсэн утгатай зүйлийг бичиж үлдээсэн байжээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар гэр бүлийн маргааны улмаас уг хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

2019-2020 оны хооронд гарсан амиа хорлох гэмт хэргийн ихэнх нь гэр бүл салалт, хардалтаас үүдэлтэй байх магадлалтай байгаа бол, цөөнгүй хувийг нь бүтэлгүй хайр дурлал, өр зээлээ төлж дийлэхгүй байх, ажлаасаа халагдсаны улмаас байх магадлалтай байгаа аж. Энэ бол амиа хорлосон хэргийн шалтгааны эхний дүгнэлт. Тиймээс энэ тоог нэмэхгүй байх энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим ажиллуулж, үндэсний хэмжээнд сэтгэл зүйчдийг яаралтай бэлтгэж, төлөвшүүлэх шаардлага байна гэж цагдаа болон хуулийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар байна.

ЖИЧ: Манай сайт иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн ойр дотнын хүмүүстээ тавих анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлэхийг сануулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.