Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хянах Ажлын баг байгуулав

Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хянах Ажлын баг байгуулав

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын баг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдлаа. Мөн Оюу Толгой” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд сөрөг нэхэмжлэл ягаргасан эсэхийг тодруулав. 

Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээв.  

Ингээд ажлын багийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаар ахлуулан байгуулав. Ажлын багт УИХ-ын гишүүн П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нар ажиллах болов. Мөн тус ажлын багт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулав.




Өнөөдөр тахиа өдөр

6 минутын өмнө