ДУНДГОВЬ: Өлзийт суманд очоод тусгаарлалтын дэглэм зөрчсөн ДАРГЫН охиноос халдвар илэрчээ

ДУНДГОВЬ: Өлзийт суманд очоод тусгаарлалтын дэглэм зөрчсөн ДАРГЫН охиноос халдвар илэрчээ

Манай улсад сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, хөдөө орон нутагт халдвар голомтлон гараад байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 21 аймгийн 300 гаруй суманд коронавирусийн халдварын нийт 2,667 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээр нь ихэвчлэн халдварын голомттой бүс нутгаас буюу нийслэлээс орон нутаг руу очоод халдвар хамгааллын дэглэм сахилгүй явнаас үүдсэн тохиолдлууд, тэдний дам хавьтлуудаас үүсэлтэй байгаа юм.

-ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ОХИН НӨХРИЙН ХАМТ УЛААНБААТАРААС ИРЭЭД ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, АЙЛУУДААР ОРЖЭЭ-

Тиймээс өнгөрсөн хугацаанд халдвартай бүс нутгаас орон нутаг руу зорих иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээний дүнг харгалзан явуулаад очсон хойно нь гэрийн тусгаарлалтанд 14 хоног байлгаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг УОК-ын Шуурхай штабаас аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсаар байгаа юм.

Гэтэл нийслэл болон бусад сум, орон нутгаас ирж буй иргэдэд тогтмол шаардлага тавьж, бүс нутгаа халдвараас хамгаалах чухал үүрэг хүлээсэн сум, орон нутгийн дарга удирдлагууд энэ хүнд цаг үед ажлын хариуцлага алдаж, халдвартай бүсээс ирсэн өөрийн холбоо бүхий хүнээ тусгаарлалгүй чөлөөтэй явуулснаар ногоон бүс гэгдээд байсан суманд халдвар алдаж, сумын иргэдийг эрсдэлд оруулсан байж болзошгүй ноцтой явдал гарчээ.

-ӨЧИГДӨР ОРОЙ ТЭДНИЙ БОЛОН БУСАД ХОЁР ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ-

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд Улаанбаатар хотоос сумын засаг даргын түр орлон гүйцэтгэгч Б.Хорлоо гэгчийн охин С нөхрийн хамт очжээ. Тэд аймгийн төвийн постоор орж түргэвчилсэн шинжилгээ өгөөд, аймагтаа долоо хоног тусгаарлагдах ёстой байсан хэдий ч шууд Өлзийт сум руу явж, тэндээ ч тусгаарлагдалгүй хөдөө айлуудаар явсан тухай эх сурвалж мэдээллээ.

Улмаар хэд хоногийн өмнөөс тэдэнд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул тэд өөрсдийгөө тусгаарлан PCR шинжилгээ өгөхөд өнгөрсөн шөнө хариу нь эерэг гарсан байна. Түр орлон гүйцэтгэгчийн охин С-ээс гадна түүний нөхөр мөн ойрын хавьтлын хоёр иргэнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний явсан маршрут, ойрын болон дам хавьтлуудыг тогтоохоор аймгаас хариу арга хэмжээний баг яаралтай очиж ажиллаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Б.Хорлоо аймгийнхаа засаг даргын орлогч М.Анхбаяраас гуйсны дагуу хүүхдүүдийг нь аймагт тусгаарлалгүй шууд Өлзийт сум руу явуулсан байж болзошгүй байгаа юм.

-ДАРГЫН ХҮҮХЭД ГЭЭД ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, СУМ ОРОН НУТГИЙНХНЫГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН ТЭДНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛД ИРГЭД БУХИМДАЛТАЙ ХАНДАЖ БАЙНА-

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ, манай аймгийн зарим сумдын шуурхай штаб болон иргэд нь маш хариуцлагатай байсан. Тиймээс ч саяхныг хүртэл ногоон бүс байсан юм. Гэтэл Эрдэнэдалай болон Өлзийт суманд халдвар алдагдсан. Одоо тэг зогсолт хийчихсэн байж байна. Хамгийн хариуцлагагүй нь Өлзийт сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Б.Хорлоо гэдэг хүний охин С нөхөртэйгээ хамт хотоос ирээд өөрсдийгөө нэг хоног ч тусгаарлалгүй шууд хөдөө, гадаагуур явж нутгийн иргэдийг эрсдэлд оруулсан. Хууль, журам хариуцлагаа мэддэггүй албан тушаалтнуудаас болж өнөөдөр манай улс ямар байгаа билээ.

Гэтэл нэг жижигхэн сумын дарга ч гэсэн ард иргэдийг эрсдэлд оруулж байна. Ирээд тусгаарлагдсаны дараа халдвар илэрсэн бол “за яахав ээ, халдварт өвчин юм даа” гээд ойлгох байсан, харин тэр даргын зүгээс хөдөө өндөр настай айлд тусгаарласан гээд байгаа юм. Гэтэл хүүхдүүд нь тусгаарлалтын дэглэм зөрчиж хэд хэдэн айлаар орсон байсан. Дарга нарын хүүхдүүдийн энэ хариуцлагагүй байдалд маш их гомдолтой байна. Хөгшин настай эцэг, эхчүүддээ санаа зовж байгаа маш олон иргэн байна. Эмнэлгийн байгууллагууд ч хүнд байхад тэдэнд ингэж нэрмээс болж байдаг. Дарга гэлтгүй ухамсаргүй үйлдэл гаргасан иргэдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэж мэдээлсэн юм.

Дундговь аймаг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд 15 суманд ажиллаж буй шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа автомашин, иргэдэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зайлшгүй шаардлагаар голомтын бүс нутгаас нэвтэрч байгаа иргэдийн PCR шинжилгээний хариуг сайтар нягтлан шалгаж, түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлж, тусгаарлан ажиглах байранд авч долоон хоног хяналт тавьж, шинжилгээний дүнг үндэслэн гэрийн ажиглалтанд шилжүүлэх арг хэмжээ авч ажиллахыг бүх сумдын засаг дарга нарт үүрэг болгожээ.