УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг чөлөөлж, Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг чөлөөлж, Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулсан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Шуурхай штабын ажиллах журмыг мөн баталсан юм.

Шинэчлэн байгуулалтаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилсон байна. Ингэснээр өмнөх дарга Б.Ууганбаяр ажлаа өгч, Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болжээ. Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь өмнө нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байжээ.

Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад “УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа өгч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Ж.Чүлтэмсүрэн хурандааг даргаар томилсон. Өмнө нь Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болсон. УОК-ын Шуурхай штабын бие бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны байрнаас Онцгой байдлын ерөнхий газар руу шилжиж байгаа” гэв. Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь өмнө нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байжээ.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэний товч танилцуулга:

Боловсрол:

  • 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
  • 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
  • 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
  • 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
  • 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
  • 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
  • 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2017-2020 оны наймдугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
  • 2020 оны наймдугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.