АНУ Мьянмарын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авлаа

АНУ Мьянмарын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авлаа

Өчигдөр /2021.03.04/ АНУ, Мьянмар дахь цэргийн дэглэмийн эсрэг худалдааны хориг арга хэмжээ авлаа. Өнгөрсөн сард тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эргэлт хийсэн. Харин гуравдугаар сарын 3-ны өдөр цэргийнхэн жагсагчдын эсрэг гал нээж, 38 хүн нас барсан нь дэлхий нийтийг цочроосон юм. Энэ хэргийг АНУ ихэд буруушааж, худалдааны хориг арга хэмжээ авах шийдвэрт хүрчээ.

Худалдааны хоригийг Мьянмарын Батлан хамгаалах, дотоод хэргийн яам болон цэрэг армитай нягт холбоотой хоёр томоохон корпорацад ногдуулах юм. Түүнчлэн Мьянмар улсад цэргийн зориулалттай зүйлсийг худалдаалахыг хоригложээ.

АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч уг хоригийг танилцуулахдаа “АНУ-ын Засгийн газар төрийн эргэлт хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх болно” гэсэн байна. 

Засгийн эрхийг хүчээр авсан Мьянмарын цэргийнхэн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж буй хэвлэлийн ажилтнуудыг мөн “онилсон”. Тодруулбал, “Ассошиэйтед Пресс” агентлагийн сэтгүүлч Тейн Зав болон бусад хэвлэл мэдээллийн таван ажилтныг энэ долоо хоногт олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр баривчилж, яллагдагчаар татжээ. Энэ явдалд АНУ мөн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, хэрэв сэтгүүлчид болон жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэвээр байвал бусад төрлийн хориг арга хэмжээг авахыг анхааруулжээ.

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард гүйцэтгэх захирамж гаргаж, төрийн эргэлтийг удирдсан цэргийн удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ аваад байсан юм.

Эх сурвалж: CNBC