Нигериа улсад хүчирхийлэл даамжирч, үймээн самуун дэгджээ

Нигериа улсад хүчирхийлэл даамжирч, үймээн самуун дэгджээ

“Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагаас "цагдаагийн харгислалыг зогсоох зорилготой “ЭндСарс” эсэргүүцлийн хөдөлгөөний эсрэг Нигерид хүчирхийлэл улам бүр нэмэгдсээр байгаад санаа зовниж байна" хэмээн мэдэгджээ. Тус хөдөлгөөн нь дээрэм тонуултай тэмцэх тусгай анги буюу (Sars) -ийг хаахыг шаардаж байгаа аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөн хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн бөгөөд зэвсэгт дээрэмчид нийслэл Абужа дахь төв банкны байранд жагсагчид руу дайран орж, өмнөд Эдо муж дахь цагдаагийн барилгуудыг шатааж эхэлсэн байна.

Мөн тус мужийн шоронгоос хоригдлууд оргон зайлсан гэсэн мэдээлэл байна.

1984 онд цэргийн засаглалын үед байгуулагдсан уг анги нь бусдаас мөнгө нэхсэн, эрүүдэн шүүсэн, аллага үйлдсэн хэрэгт буруутгагдаж байжээ. Уг эсэргүүцлийн хөдөлгөөнийг твиттерийг үндэслэгч Жек Дорси, АНУ-ын рэппер Канье Уэст, хөлбөмбөгчид Месут Озил, Маркус Рашфорд, Нигерийн супер одууд Давидо, Визкид зэрэг дэлхийн алдартнууд дэмжиж байгаа юм.