Хятад, Тайванийн дипломатчид гар зөрүүлжээ

Хятад, Тайванийн дипломатчид гар зөрүүлжээ

Номхон далайн арал улс болох Фижи улсын нийслэлд Хятад, Тайванийн дипломатчид гар зөрүүлж, Тайванийн нэг дипломатч толгойдоо гэмтэл аван, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Фижийн нийслэл Сува хотын Grand Pacific зочид буудалд Тайванийн үндэсний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж байх үед Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр нэвтэрч, тэнд цугларсан хүмүүсийн зургийг авч эхэлсэн байна.

Уг арга хэмжээнд Фижи улсын сайд нар, гадаадын дипломатууд, Фижи дэх хятад үндэстнүүдийн төлөөлөл зэрэг хүмүүс цуглаад байжээ. Улмаар Хятадын дипломатчдын үйлдлийг зогсоох гэсэн Тайванийн төлөөлөгч маргаан үүсгэснээр харилцан гар зөрүүлжээ. Хэргийн газарт Фижийн цагдаа нар ирсэн ч дипломат халдашгүй эрхтэйн улмаас Хятадын элчин сайдын яамны ажилтнуудыг саатуулж чадаагүй тухай Тайванийн тал мэдээлсэн байна.

Мөн тус хэргийн талаар өчигдөр хоёр улсын гадаад хэргийн яамд мэдэгдэл гаргаж, болсон явдалд харилцан нэг нэгнээ буруутгажээ.

Тухайлбал, Тайванийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Хятадын элчин сайдын яамны ажилтнууд ёс зүйгүй авирлаж, соёлжсон нийгмийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Харин Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян дээрх мэдэгдлийг “зохиомол гүтгэлэг” гээд “Нэг Хятад” бодлогоос гадуур үйл ажиллагаа зохион байгуулсан явдлыг шалгаж өгөхийг Фижийн засгийн газарт уриалжээ.

Номхон далайн бүс нутаг нь сүүлийн үед Хятад, Тайванийн өрсөлдөөний талбар болоод байгаа. Энэ бүс нутгийн жижиг арал улсууд Тайваньтай дипломат харилцаатай явж ирсэн түүхтэй ч 2019 оноос эхлэн Хятадын нөлөө нэмэгдэж, Соломоны арлууд, Кирибати улсуудыг Бээжин өөртөө урвуулсан байна.

Эх сурвалж: The Guardian