БАРИМТ: Ерөнхийлөгчийн сонгууль ойртож “Одон медаль”-ийн зардлаа Х.Баттулга 1,8 тэрбум төгрөг болгож нэмсэн үү

БАРИМТ: Ерөнхийлөгчийн сонгууль ойртож “Одон медаль”-ийн зардлаа Х.Баттулга 1,8 тэрбум төгрөг болгож нэмсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж иргэдийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Монгол Улсын Гавьяат”, “Хөдөлмөрийн баатар” мөн эхчүүдийг Алдарт эхийн I, II зэргийн одон зэргээр шагнаж урамшуулдаг. Харин ихэнх иргэн “Төрийн одон медаль хүнээ олсон, цөөн тоогоор олгогдож, энэ хирээрээ үнэ цэнэтэй байх ёстой" гэдэг.

-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАХАД ТӨРИЙН ШАГНАЛ НӨЛӨӨЛНӨ ГЭЖ БОДСОН УУ-

Тэгвэл энэ жил Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг, дүүргээр тойрч их хэмжээгээр шагналын хур буулгах болсон. Тухайлбал, өмнө нь “Алдарт эхийн одон”-г гардуулахдаа эхчүүдийн төлөөлөл болгож 20 орчим бүсгүйд Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулдаг байсан бол, энэ жил тэрээр амралтын өдрүүдэд эхчүүдийг дүүргээр нь ангилж, төрийн ордонд нэвтрүүлэн, одонгийн "хур буулгасан". Мөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн тэрээр аймгуудаар тойрч мөн л шагналын хур буулгаж, өөрийн биеэр гардуулсан.

Цаашлаад тэмдэглэлт өдрүүдэд олгодог төрийн бусад одон, медаль ч нийтийн биш тэмдэглэлт өдрүүдэд олгогдох болсон. Түүний энэхүү “Шагналын хур”-ыг “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд” ингэж байна гэж иргэд хардаж буй.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ТӨРИЙН ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ”-ЫН ЗАРДАЛ 393 САЯААС 1,8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ-

Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд 393 сая гаруй төгрөгийн төсвийг УИХ-аар батлуулсан бол, 2019 онд мөн л "Төрийн шагнал, одон медаль”-ын зардалд 393 сая төгрөг /393,004,100/-ийг өгч байжээ. Харин 2020 онд “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд өмнөх оныхоос хэд дахин их буюу 1,8 тэрбум гаруй төгрөг /1,893,004,100 / болгон өсгөсөн байна. Түүнчлэн 2021 оны Улсын төсөвт “Төрийн шагнал, одон медаль”-ийн зардалд 2 гаруй тэрбум төгрөг /2,065,677,580/-ийг суулгах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ.

Төрийн шагнал, одон медалийн төсөв: /2018-2020 он/

  • 2018 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
  • 2019 оны батлагдсан төсөв: 393,004,100 төгрөг
  • 2020 оны батлагдсан төсөв: 1,893,004,100 төгрөг
  • 2021 онд батлуулахаар санал болгосон төсөв: 2,065,677,580 төгрөг

2018 он

2019 он

2020 он

2021 он