АН: МҮОНРТ нь улс төрийн агуулгатай, гүтгэлэгт нэвтрүүлгийг цацаж хууль зөрчсөн учир АН-аас уучлалт гуйхыг шаардаж байна

АН: МҮОНРТ нь улс төрийн агуулгатай, гүтгэлэгт нэвтрүүлгийг цацаж хууль зөрчсөн учир АН-аас уучлалт гуйхыг шаардаж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэргэдэх, “Шударга сонгууль” ажлын хэсэг, “Хүний эрхий хороо” хамтран мэдээлэл хийлэ. Тэд энэ үеэр МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Учир нь МҮОНРТ нь энэ сарын 07-ний өдөр "Системийн авлигал" нэртэй улс төрийн агуулгатай нэвтрүүлгийг цацаж, МҮОНРТ-ийн хуулийг зөрчсөн гэж Ардчилсан намаас үзэж байгаа аж. 

АН-ын гишүүн Ц.Уянга энэ үеэр "МҮОНРТ-ийг цагдаад өгнө. Эрүүгийн хуулийн 13.14 дэхь заалтыг зөрчиж худал мэдээлэл тараасан хүн нь хариуцлага хүлээх ёстой. МҮОНРТ нь бие даасан хуультай байгууллага бөгөөд тус хуулийн 4 дүгээр заалтад хараат бус, нэг талыг баримталдаггүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл тус заалтаа бүхэлд нь зөрчиж байна. Өнөөдөр эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд нь төрт ёсны зарчмыг алдагдуулж, 18 телевизээр гүтгэлэг явуулан нийгмийн сэтгэл зүйг бохидуулж, тархи угааж байна. Цаашлаад санхүүжилтийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж буйг та бүхэн харж байгаа байх. Энэ бол Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл. Гэвч хамгийн харамсалтай нь бидний мэдэх эрхийг хангах үүрэгтэй, олон жилийн статустай байгууллага болох МҮОНРТ нь улс төрийн захиалгатай томилгоо хийдгийнхээ зэрэгцээ арилжаа нэрээр кино маягийн цуврал гүтгэлгийг тарааж байна. 

Хамгийн ноцтой нь тэр контентуудад нь Ерөнхий сайд нь оролцоод онц ноцтой гэмт хэрэг ярьж, Ардчилсан намын хуучин лидерүүдийг харлуулж, сөрөг хүчнийхээ эсрэг ажиллаж буй нь өрөвдөлтөй бас ичгэвтэр байна. Уг нь найман жил Засгийн эрхийг барьсан, хүчтэй намын дарга юм бол хийсэн бүтээсэн ажил, бодлогоороо өрсөлдөх ёстой. МҮОНРТ-ийн захирлаар саяхан томилогдсон Гэрэл дарга нь дарамтанд ороод байгаа юм уу эсвэл өөрөө дур мэдэн хууль зөрчөөд байгаа юм уу гэдгийг тодруулахаар шаардлага хүргүүлэх гэж байна. Ерөнхий сайд нь хүмүүст гомдоод хууль хяналтын байгууллагад ханддаг мөртлөө өөрөө хүнийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгээд доромжлоод байдаг байж болохгүй. Цаашлаад тэр хүний ард байгаа ар гэрийн эрхийг Ерөнхий сайд өөрөө зөрчөөд байна. Энэ хариуцлагаа Ерөнхий сайд хүлээх юм уу эсвэл МҮОНРТ нь хүлээх юм уу. Захиалагчаа зарла. Бүх зүйл тодорхой байх ёстой. МҮОНРТ нь Ардчилсан нам болон ардчилсан намын нийт гишүүдээс уучлалт гуйх, буруутай албан тушаалтан хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өгөх ёстой" гэсэн юм. 

Тэдний шаардлагыг МҮОНРТ-ийн тамгын газрын дарга Батзаяа хүлээн авч, хариултыг хүргүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.