Б.Жавхлан: Ипотекийн зээлийн квотыг арилгаснаар 10 мянган өрх шинэ байртай болох боломжтой боллоо

Б.Жавхлан: Ипотекийн зээлийн квотыг арилгаснаар 10 мянган өрх шинэ байртай болох боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж нэрлэж болох тогтоол батлагдлаа. Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан тогтоолоор Монголын ард түмэн баялагтаа эзэн болох боломж бүрдэж байна. Саяхан УИХ-ын баталсан Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрдэж байгаа. Баялгийн сангаас ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэх Ирээдүйн өв сан, Өнөө үед зарцуулах хөрөнгө буюу эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах Хуримтлалын сан, Урт, дунд хугацаанд хөрөнгө оруулалт хийх Хөгжлийн сан гэсэн гурван санг хуулиар баталсан. 

Өнөөдөр Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол” компанид байгаа төрийн өмчит компаниудын ногдол ашиг буюу 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс хамгийн өнөдөр ипотекийн зээлийг 2022, 2023 онд гаргасан буюу 700 тэрбумыг гаргаж байсан. Харин энэ жил Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд, мөн арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм. Ингэснээр 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэртэй болно гэсэн үг. Энэ бол өмнө нь хэзээ ч олдож байгаагүй боломж. 

Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Жилдээ 5000-6000 ипотекийн зээл гардаг. Харин одоо ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна. Ирэх даваа гаригаас Монгол банкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Гол нь Монгол банк удирдаад банкнууддаа хуваарилалтаа хийгээд явна" гэв.

ШУУД ҮЗЭХ: