Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлжээ.  

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд болон УИХ-ын гишүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, “Оюу Толгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж  эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж бүрдлээ.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна. “Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдэв” гэж бичжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд УИХ болоод ард иргэд хяналт тавих механизмыг олон улсын жишгийн дагуу тусгаж баталсан. Тухайлбал, иргэд гар утсандаа тусгай аппликейшн татаж сангийн тухай цаг үеийн мэдээллийг авч, хяналт тавих зохицуулалт туссан. Мөн Баялгийн сангийн асуудлаар УИХ, Засгийн газраас гаргасан албан ёсны аливаа шийдвэр, санхүү болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлтийг батлагдсанаас хойш 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэн хүсэх л юм бол байгалийн баялгийн хуваарилалт, төлөвлөлт, зарцуулалтыг хянах бүрэн боломжтой болж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.