Э.Тайчар: “Хүүхэд ширэглэх дом”-ыг сануулж, мартуулахгүйн тулд лааны дүрсийг гэрэл зурагт буулгаж эхэлсэн /ВИДЕО/

Э.Тайчар: “Хүүхэд ширэглэх дом”-ыг сануулж, мартуулахгүйн тулд лааны дүрсийг гэрэл зурагт буулгаж эхэлсэн /ВИДЕО/

Монголчуудын эрт дээр үеэс  олон зуун дамнан хэрэглэж ирсэн хачирхалтай дом, цөөнгүй бий. Үүний нэг нь “Ширэг” гэх дом. Эл домыг хүүхэд хөлсөж, үдэш оройн цагаар шалтгаангүй уйлах, айж, цочирдоход ус, давс, тугалгаар хийж иржээ. Харин одоогийн нөхцөлд ихэвчлэн лаагаар хүүхэд ширэглэх болсон.

Тэгвэл хамгийн сонирхолтой нь хүүхдээ лаагаар ширэглэж домносны дараа гарч буй дүрсийг зурагчин Э.Тайчар гэрэл зурагт буулгах болсон байна. Иймд бид түүнтэй баримтат гэрэл зураг болон ширэглэх домын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Энхбатын Тайчар гэдэг. Гэрэл зурагчин мэргэжилтэй.

-Хэзээнээс эхлэн гэрэл зураг сонирхож, энэ чиглэлээр ажиллах болсон бэ?

-Яг гэрэл зураг гэвэл 2019 оноос эхлэн сонирхож Дүрслэх урлагийн академид гэрэл зурагчин гэдэг мэргэжлээр суралцаж, өнгөрсөн 2023 онд төгссөн. Одоо яг гэрэл зурагчин гэдэг мэргэжлээрээ ажиллаж байна.

-Таны зургуудаас нэгэн бүлэг сонирхолтой гэрэл зургийг онцолж асуумаар байна л даа. Юу вэ гэвэл хүүхэд ширэглэх домоос гарч буй янз бүрийн хэлбэртэй лааг гэрэл зурагт буулгасан байсан. Яагаад энэ сэдвээр зураг дарах болов?

-Миний хувьд баримтат гэрэл зураг сонирхдог. Баримтат гэрэл зураг дундаа зохиомжтой гэрэл зураг дарах сонирхолтой. Ялангуяа монголчуудын өв уламжлал сонин, хачин домын зүйлсийг гэрэл зурагт буулгаж авч үлдэхийг хичээж явдаг. Саяхан би аав болсон учир хүүхэд ширэглэх гэдэг домын талаар мэдэж авсан юм. Тэгээд би өөрөө дүрс, хөдөлгөөн сонирхдог хүний хувьд хүүхэд айхад ширэглээд гарч буй дүрсийг хараад гэрэл зурагт буулгах санаа төрсөн.

Зургийг Э.Тайчар

Энэ нь их сонирхолтой бас амьдралд хэрэгтэй зүйл байсан. Бидний хэдийнээ харж дасал болсон эд юмс, үйл хөдлөл хүүхдэд маш шинэлэг байдаг юм байна лээ. Түүнээс хүүхэд айж, сэтгэл зүйд нь нөлөөлдөхөд ширэглэж юунаас айж байгааг нь олсноор хүүхэд тайвширдаг. Хүүхдийг ширэглэхдээ ус, тугалга, давс, лаагаар ширэглэдэг. Үүнээс одоогоор бидний хэрэглэж буй хамгийн түгээмэл арга нь лаагаар ширэглэх. Тиймээс ширэглэх домоос гарч буй лааны зургийг гэрэл зурагт буулгаж эхэлсэн.

-“Ширэг” домоос гарсан ямар ямар лааны дүрсийг гэрэл зурагт буулгасан бэ. Тэдгээр дүрсний түүх буюу болсон явдлаас нь хуваалцаж болох уу?

-Одоогоор дандаа хүүхдээ ширэглэхдээ л хэрэглэсэн лааны дүрсүүдийг гэрэл зурагт буулгасан байгаа. Эхнэр бид хоёр нэг удаа хүүхдээ уйлаад байхаар нь гэдэс нь дүүрсэн байна гэж үзээд бариачид бариулсан. Тухайн бариач маань жаахан ширүүн гартай байсан уу яасан хүүхэд маань нэлээд чанга уйлаад байсан болохоор тухайн үед хүүхдээ аваад гэртээ харьсан юм. Маргааш нь болсон ч хүүхэд маань өлсөөгүй, өвдөөгүй байж уйлсан хэвээр байсан тул ямар нэг зүйлээс айсан байна гэж үзээд анх ширэглэж үзсэн. Гэтэл хүүхэд тэврээд урдаа барьчихсан хүний царай гарч ирж байсан. Бас нэг удаа ээжээсээ болон дээрээс нь тонгойгоод харж байгаа надаас айсан байсан.

Зургийг Э.Тайчар

Мөн нохой, эд юмсаас айх зэргээр янз бүрийн сонин сонин зүйлсээс айсан байгаа нь ширэглэх үед лааны дүрсээр гарч ирж, би түүнийг нь гэрэл зурагт буулгадаг болсон.

-Лааны дүрсийг гэрэл зурагт буулгахдаа “Ширэглэх дом”-ын талаар судалж үзсэн үү. Сонирхолтой зүйлсээс нь хуваалцаач?

-Ширэглэх талаар интернэтээс л хайж хэдэн зүйл олж уншсан. “Ширэг дом” нь аймаг бүрд өөр өөр янзаар өвлөгдөж ирсэн байдаг юм байна лээ. Усан ширэг, давсан ширэг, тугалга хайлуулж үздэг ширэг гээд янз бүрийн байдлаар хийдэг. Ингэхдээ энэ домыг сайн суралцсан хүмүүс бол ширгийг маш сайн хийж, заавал нярай хүүхэд гэлтгүй олон нөхцөлд ашиглаж болдог юм байна лээ. Миний хувьд хүүхдээ ширэглээд олж мэдсэн хэдэн зүйлс бий. Тухайлбал, хүүхдээ ширэглээд гарч ирсэн дүрснийх нь талаар ээж, аав нь ярилцаж байгаа нь бас их сонирхолтой зүйл байдаг юм байна лээ. “Тэр явдлаас хүүхэд маань айсан байна тиймэрхүү зүйлээс болгоомжтой байя” гэхчлэн ярилцах үед хүүхэд  хэдий яриа ойлгохгүй ч совингоороо мэдэрч, эцэг хүүхэд, эх хүүхдийн харилцаа гэдэг зүйлийг аягүй гоё дэмнэж өгдөг юм байна гэж ойлгосон.

Зургийг Э.Тайчар

Бас нэг сонин зүйл нь би хүүхдээ ширэглэх хүртлээ өөрийгөө аав болсон гэдэгт бүрэн итгэж чадахгүй байсан. Тэгээд яг хүүхдээ ширэглээд  “Би энэ хүүхдийн аав нь шүү дээ. Аливаа зүйлээс хүүхэд маань айвал би хамгаалах ёстой. Зүгээр гэж тайлбарлах ёстой” гэдэг зүйлийг ширэглэх үед маш их мэдэрсэн. Тэгэхээр ширэглэх гэдэг дом нь хэрэглэж байгаа хүндээ бас сэтгэлзүйн мэдрэмж өгдөг юм байна гэж ойлгосон.

-Цаашид энэ сэдвээр зураг дарах уу?

-Яг ширэглэх домын тал дээр одоогоор бодсон зүйл байхгүй байгаа. Гэхдээ монголчуудын уламжлалт дом болон ёс заншилтай холбоотой зүйлсийг гэрэл зурагт буулгаж цааш нь түгээх, хойч үед үлдээх, мартагдсан зүйлсийг сэргээх чиглэлээр ажиллана гэж бодож байгаа. Бас ганц хүүхдийнхээ биш өөр олон хүмүүсийн ширэг домыг ашиглаж, түүнээс бүтсэн сонирхолтой дүрсүүдийг цуглуулж гэрэл зургийн нэг цуврал гаргавал сонирхолтой байх болов уу гэж бодож байна.

-Баримтат гэрэл зургийн чиглэлээр өмнө нь ямар ямар уран бүтээл хийж байв. Бүтээлүүдээсээ онцолж сонирхуулбал?

-Өмнө нь суралцаж байх хугацаандаа золбин нохойн талаар “Амьдрах хүсэл, зэргэлдээ нийгэм” гэдэг нэртэй цуврал зураг хоёр жилийн хугацаанд дарж байсан. Яагаад энэ сэдвээр дарах болсон бэ гэвэл би өөрөө хүүхэд байхдаа золбин нохойнуудаас маш их айдаг байсан. Тэгээд том болоод арай өөр газруудаар амьдарч байгаад буцаад нэг сонирхоод үзсэн юу ч өөрчлөгдөөгүй золбин ноход яг хэвээрээ байдаг газраа байж л байсан. Ороон орохоороо хүн айлгаад яг л хэвээрээ явж байсан учраас яг энэ асуудлыг хөндсөн. Бас нөгөө талаас тэр ноход ч бас амьдрах хүсэлтэй бидэнтэй зэрэгцээ бас нэг нийгэм байгаа шүү гэдгийг харуулахыг зорьсон.

Гэрэл зургийг Э.Тайчар

Мөн “Монгол лам нар”-ын тухай болон “XXI зууны малчин” гэхчлэн цаг үе, өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон ажлуудыг хийж байсан. Мөн эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөхийг зорьдог.

Гэрэл зургийг Э.Тайчар

-Баримтат гэрэл зургийн гол ач холбогдол нь юу вэ. Энэ салбарт ажиллаж буй хүний хувьд гэрэл зургийн чиглэлээр суралцах гэж буй, сонирхож байгаа залууст юу гэж зөвлөмөөр байна.

-Баримтат гэрэл зургаар тухайн зурагчин нийгмийг өөрийн харж буй өнцгөөс гаргаж, бусдад түгээдэг. Тухайн үеийн нийгмийн үйл явдлыг зохиолч, сэтгүүлчид бичиж үлдээдэг бол баримтат гэрэл зураг дүрс, зургаар ижил цаг хугацаанд болсон үйл явдлуудыг өөр өөр өнцөгөөс нь харуулж, үлдээдэг зүйл. Баримтат гэрэл зургийн хамгийн том ач холбогдол бол нийгэмд шууд нөлөөлж чаддаг. Мууг нь өөрчилж, сайныг нь хамгаалж, сайжруулж болдог. Мөн баримтат гэрэл зургийг зарим хүмүүс заавалж том камер бариад дайн, тулаан ч юу уу хүнд хэцүү үйл явдал дээр очиж зураг дарах гэж ойлгоод байдаг. Миний хувьд баримтат гэрэл зураг гэдэг нь нийгмийн асуудал, байгаа байдлыг буулгаж, аливаа асуудлыг хөндөж чадаж байвал чанарас үл хамаарч баримтат гэрэл зураг болно гэж боддог. Тэрнээс биш заавал том гоё камераар авах албагүй. Харин урлагийн хэмжээнд мэргэжлийн баримтат гэрэл зураг дарахад камер болон зурагчны ур чадвар, мэдрэмж зайлшгүй шаардлагатай зүйл байдаг.

ФОТО: