ВИДЕО: Орон нутагт холын зайн нислэг үйлдэх, анхны 70 хүний судалтай “Мазаалай” CRJ-700 онгоц эхний нислэгээ амжилттай үйлдлээ

ВИДЕО: Орон нутагт холын зайн нислэг үйлдэх, анхны 70 хүний судалтай “Мазаалай” CRJ-700 онгоц эхний нислэгээ амжилттай үйлдлээ

МИАТ ТӨХК 2009 оноос эхлэн түр зогсоогоод байсан орон нутгийн нислэгийг өнгөрсөн зунаас сэргээж эхэлсэн ба зорчих хөдөлгөөн саармагжаад байсан орон нутгийн нислэгийн эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор билетний үнийг бууруулж, энэ онд 90 мянган хүн тээвэрлэхээр зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Улаанбаатар-Ховд чиглэлд нислэг үйлдэх орон нутгийн анхны холын зайн нислэг үйлдэх, 70 хүний суудал бүхий "Мазаалай" CRJ-700 онгоцоо хүлээн авч, анхны нислэгээ амжилттай гүйцэтгэн, бас нэгэн түүхэн амжилтын эхлэл боллоо. 

ВИДЕО

Уг онгоц нь МИАТ компани арав дахь онгоц бөгөөд JU-1700 бүртгэлийн дугаартай “Мазаалай” хэмээх CRJ-700 агаарын хөлөг нь 32.3 метр урттай, 7.7 метр өргөнтэй, 2655 км-ийн алслалттай буюу нэг удаагийн нислэгээр ийм зай туулах хүчин чадалтай аж. Мөн өмнө нь орон нутгийн чиглэлд 50 суудалтай агаарын хөлгийг нойтон түрээсээр буюу нисгэгч, үйлчлэгч, инженертэй нь онгоцыг бүхэлд нь түрээсэлж байсан бол энэ удаа ӨАБНУ-ын агаарын тээвэрлэгч CemAir компаниас хуурай түрээсийн гэрээгээр авчээ. Ингэснээр монгол нисгэгч, агаарын хөлгийн үйлчилгээ, инженер техникийн ажилтнууд гээд дан монголчууд онгоцоо хариуцан нислэг явуулах юм.

-МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2023 ОНД 7 ХУВИАР ӨССӨН БОЛ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 73 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ АЖИЛЛАЛАА-

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нислэгийг нээж хэлэхдээ, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн бол зам, тээврийн салбар 73 хувийн өсөлттэй ажиллалаа. Бид 2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 107 сая тонныг тээвэрлэв.  ЗТХЯ-наас “Хямд тийз- Хүртээмжтэй нислэг” гэсэн бодлого хэрэгжүүлж, 2023 онд өмнөх онтой харьцуулахад гадаад, дотоодод онгоцоор ниссэн хүний тоо 3.5 дахин өссөн. Нислэгийн давтамж, чиглэл мөн нэмэгдлээ. Дэлхийн 44 улсын 155 чиглэлээс Монгол Улс руу шууд нислэг хийх боломж бүрдсэн.

Удахгүй бид АНУ, Австрали, Сингапур, Вьетнам улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Нислэгийн тоо, давтамж нэмэгдэхийн хэрээр тийзний үнэ 2-3 дахин хямдарсан.

Тухайлбал, УБ-Сөүлийн чиглэлд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол зуны улиралд долоо хоногт 80 удаа нисэж байна. Билетийн үнэ хоёр талдаа гурван сая төгрөг байсан бол нэг сая төгрөг болж хямдарсан.

Орон нутгийн нислэгийн хувьд өнгөрсөн жилийн өдийд гурван аймаг руу нислэг хийж байсан бол өнөөдөр найман аймаг руу нисэж байна. МИАТ компани 2023 оны долоодугаар сарын 1-нээс орон нутгийн нислэг үйлдэж эхэлснээр 2009 оноос хойш зогсоосон орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээсэн. Үүний үр дүнд билетийн үнэ Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн чиглэлд нэг талдаа 900 мянган төгрөг байсан бол 2023 оны долоодугаар сарын 1-нээс 450 мянга болж хоёр дахин хямдарлаа.

Дэлхийд бүс нутгийн чиглэлийн нислэгт хамгийн тохиромжтойгоор шалгарсан CRJ-700 онгоцоор өнөөдрөөс орон нутгийн чиглэлд үйлчилж эхэлснээр суудлын тоо болон нислэгийн тийз тодорхой хувиар  буурна. Тухайлбал, алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад билетийн үнэ нэг талдаа 450 мянга орчим төгрөг байсан бол 360-400 мянган төгрөг, Говь-Алтай, Завхан аймгуудад 280-320 мянган төгрөгөөр нислэг үйлдэх боломж бүрдсэн" гэв.

-МИАТ КОМПАНИ 2024 ОНД ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР 90 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН-

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "CRJ-700 бол МИАТ компанийн арав дахь онгоц. Бид 2021 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байв. 2024 онд алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлөг хоёрыг нэмснээр одоо арав дахь онгоцоо нислэгт гаргаж байна. Орон нутгийн нислэгийг 2023 долоодугаар сараас сэргээж, ӨАБНУ-ын CemAir компаниас 50 суудалтай онгоц нойтон түрээсээр явуулж байсан бол одоо хуурай түрээсээр буюу өөрийн нисгэгч, агаарын хөлгийн багийнхан ажиллах болсонд баяртай байна.

2024 онд бид орон нутгийн нислэгээр 90 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан. Улирлын онцлогоос шалтгаалан долоо хоногт 2-5 удаагийн нислэг хийнэ. Жишээлбэл, Зуны аялал жуулчлалын ид ачааллын үед Өмнөговийн Даланзадгадын чиглэлд долоо хоногт таван удаа нислэг хийж байсан. Ховд, Мөрөн, Өлгий зэрэг чиглэлд аялал жуулчлалын оргил үед долоо хоногт таван удаа, жирийн үед долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг хийхээр төлөвлөж байна. 

Орон нутгийн нислэгийн үйлчилгээний МИАТ компани алдагдал хүлээхгүй, ашиг харахгүй ажиллаж байгааг тодруулан хэлмээр байна" гэв.

Ийнхүү Улаанбаатар-Ховд чиглэлд, цаашлаад жуулчид хамгийн их очдог аймгууд руу орон нутгийн нислэг үйлдэх "Мазаалай" онгоц анхны нислэгээ амжилттай үйлдлээ.