“Тяньжин Фүүдс" компанид 50 га газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна”

“Тяньжин Фүүдс" компанид 50 га газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна”

Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын "Тяньжин Фүүдс" компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 50 га олгосон гэх иргэдийн мэдээллийн талаар тайлбар хийлээ.

Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Тяньжин хотын захиргаатай хамтарч ажиллах санаачилгын дагуу Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалж, хүн амыг ногоогоор хангах ажлыг судлах үүргийг Засгийн газар өгснөөс биш 50 га газар шийдэх үүрэг өгөөгүй гэсэн тайлбар өглөө.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, "Улаанбаатар хотын 50 га газрыг хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхээр БНХАУ-ын компанид олгосон гэдэг ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 1,424 га талбайгаас 15,341 тонн ургац авахаар төлөвлөсөн байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 36 га газарт хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн 12 га нь өвлийн хүлэмжийн аж ахуй аж. Нийслэлийн иргэдийг төмс, хүнсний ногоогоор хангаж буй аж ахуйн эрхлэгчдийг дэмжих хүрээнд 27 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгосон байдгаас гадна Засгийн газраас өвлийн хүлэмж эрхлэгчдийн шөнийн тарифыг тэглэх зэргээр дэмжиж байгааг онцоллоо.