Харцага Г.Ганхуягийн цолыг мялааж сайд С.Бямбацогт төрсөн дүү С.Балжиннямын хамтаар орон сууцаар урамшуулжээ

Харцага Г.Ганхуягийн цолыг мялааж сайд С.Бямбацогт төрсөн дүү С.Балжиннямын хамтаар орон сууцаар урамшуулжээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын хоёр харцага, улсын гурван начин төрсөн юм.

Эдгээрээс, Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг, улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, улсын харцага цолны болзол хангасан. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулснаар улсын харцага болсон билээ.

Тэгвэл түүний цолыг мялааж Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Булган сумын нутгийн зөвлөл, "Торгон нутаг" клубээс "ЛАНД-300" автомашин бэлэглэлээ. Мөн "Валькн групп" ХХК, "Валькн констракшн" ХХК-ийн “Мөнхжин” апартмент хотхонд бүрэн тавилгатай гурван өрөө байр бэлэглэсэн билээ. 

Түүнчлэн Түүний энэхүү амжилтыг үнэлж УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төрсөн дүү С.Балжиннямын хамтаар Арвай хотхон дахь орон сууцаар урамшуулжээ. Түүний цолны мялаалга наадам Ховд аймгийн Булган суманд есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм.