"Парис-2024" олимпод оролцох сагсан бөмбөгийн Серби, Герман улсын найман баг тодорлоо

"Парис-2024" олимпод оролцох сагсан бөмбөгийн Серби, Герман улсын найман баг тодорлоо

Азийн гурван улсад зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт өчигдөр /2023.09.07/ өндөрлөж, шигшээ дөрвөн баг үлдлээ. Одоогийн байдлаар "Парис-2024" олимпын наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох 12 багийн найм нь тодроод байгаа юм.

Тодруулбал, Серби, Герман (Европын шилдэг багууд), Франц (зохион байгуулагч орон), АНУ, Канад (Америк тивийн шилдэг багууд), Өмнөд Судан (Африкийн шилдэг баг), Япон (Азийн шилдэг баг), Австрали (Далайн орнуудын шилдэг баг) гэсэн багууд олимпийн эрх авсан. Үлдсэн дөрвөн шигшээ багийг 2024 оны долдугаар сарын 2-7-нд болох олимпын эрхийн тэмцээнээс тодруулах юм.

Энэ тэмцээнд Ангол, Бразил, Грек, Гүрж, Доминикан БНУ, Египет, Испани, Итали, Кот-д’Ивуар, Латви, Ливан, Литва, Мексик, Шинэ Зеланд, Пуэрто-Рико, Словен, Филиппин, Финланд, Черногор, Багамын арлууд, Бахрейн, Камерун, Польш, Хорват улсууд оролцоно. Энэ 24 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэгтээ түрүүлсэн дөрвөн баг Парисын олимпийг зорино.