С.ТУЛГА: Би эрх мэдэл булаалдаагүй, 3х3-ыг дэлхийд гаргасан ч эцэстээ гудамжинд лааз өшиглөөд явж байна /ВИДЕО/

С.ТУЛГА: Би эрх мэдэл булаалдаагүй, 3х3-ыг дэлхийд гаргасан ч эцэстээ гудамжинд лааз өшиглөөд явж байна /ВИДЕО/

3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаж, спорт сонирхогчид, дэмжигчдийнх нь урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон билээ. Тэгвэл Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа. 

ВИДЕО: 

-БИ ЮУГ БУРУУ ХИЙСНЭЭ МЭДВЭЛ ЗАСАЖ ЗАЛРУУЛМААР БАЙНА-

-Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Хоёулаа яриагаа шигшээ багаас таныг хөөсөн гэх асуудлаар эхлүүлье?

-Болсон үйл явдлыг монголчууд маань бараг мэдэж байгаа байх даа. Би 3x3 үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа олон улсын, тив дэлхийн хэмжээний тэмцээнээс манай баг одоогоор арван алт, найман мөнгө, 20 орчим хүрэл медаль авсан.   Тухайн тамирчдыг би найман наснаас нь эхлэн бэлтгэж, энэ амжилтыг үзүүлсэн. Гэтэл хэтэрхий сайн ажиллаа гээд юм уу юу болсон нь мэдэгдэхгүй гэнэт намайг ажлаас халсан. Би яг ямар буруу зүйл хийснээ одоо ч мэдээгүй байгаа. Үүнийгээ мэдвэл бас санаа амармаар байгаа юм. Нөгөөтээгүүр үнэхээр буруу зүйл хийсэн бол засаж, залруулмаар байна. Ер нь их л олон хүний уурыг хүргэсэн юм шиг байна.

-Тэгэхээр та таныг ажлаас халсан хүмүүстэйгээ уулзаагүй, учир шалтгаанаа олоогүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Би яагаад ажлаас халагдсан гэдгээ асуух гэхээр надтай хэн ч уулзаж, тайлбарладаггүй. Монголчууд тамын тогооны үлгэр гэж ярьдаг шиг би тийм тамын тэр ч бүү хэл хөмөрсөн тогооны амьдралтай хүмүүсийн хоронд нь орсон юм болов уу л гэж бодож байна. Цаг хугацаа л бүгдийн шалгуур шүү дээ. Холбоо намайг ажлаас халаагүй гэдэг зүйлийг цахим хуудаснаа бичсэн байсан. Гэтэл өгдөг байсан цалин, Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд тусалж дэмжиж байсан бүх зүйлээ надаас авсан. Мөн олон улсын маш олон тэмцээн болсон. Гэтэл намайг нэгэнд нь явуулсангүй. Харин ч надтай цуг тэмцээнд оролцдог байсан хүүхдүүдийг ерөнхий дасгалжуулагч гэх мэтээр явуулсан. Энэ бүхэн нь намайг халсан гэдгийг илтгэж байна. Үүгээр ч зогсохгүй ажлаас халсан тухай албан бичгийг Биеийн тамир, спортын улсын хороо руу явуулсан албан бичгийг нь би олж авсан.

-Таныг энэ спортыг дэлхийд таниулж, хөгжүүлсэн хүн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ утгаараа маш олон шавьтай байх. Гэтэл шавь нар нь өнөөдрийг хүртэл энэ талаар дорвитой дуугарсангүй?

-Олон хурдан хүлгүүдтэй манлай уяач нар байдаг даа. Түүн шиг би дэлхийд өрсөлдөх маш олон хурдан хүлгүүдийг эр, эмгүй бэлтгэсэн. Тэр хүүхдүүдийг минь хүртэл булааж аваад гэрээ хэлцэл хийсэн. Хэрэв багшийгаа өмөөрөөд янз бүрийн зүйл яривал “Та нарын сагс тоглохыг болиулна. Карьерыг нь дуусгана. Амийг чинь авна” гэх мэтээр барьсан юм билээ. Улс төрийн аалз болгоно гэдэг шиг маш том хор хийлээ. Хэдхэн хүн нийлж байгаад 20 жил хийсэн ажлыг минь бүгдийг нь авлаа. Тэнд ганцхан С.Тулга л байхгүй.

-САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫГ ДЭМЖИХ ХҮН ОЛОН БАЙСАН Ч БИ УЛААН НУРМАН ДУНДУУР ЯВЖ MCS-Т АВЧ ӨГЧ БАЙСАН-

-Товчхондоо та анх мэдээлж байсан шиг таныг ажлаас чинь хөөжээ. Чухам хэн, ямар шалтгаанаар энэ шийдвэрийг гаргасныг та мэдсэн үү?

-Үнэн юм үнэнээрээ л сайхан. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Тулгаа гэдэг хүн монголын сагсан бөмбөгт хэтэрхий их юм хийсэн учраас энэ хүн дээшээ гараад үнэн мөнийг нь монголчууд мэдчихвэл бид нар баларна гэдэг зүйл л яриад байх шиг байгаа юм. Манай удирдлага, спонсорууд бол хөндлөнгийн хүмүүс. Харин дотор нь байгаа сагсны хүмүүс л миний нэр хүндийг өсөөд байна гээд айгаад байх шиг байна. Гэтэл монголын сагсан бөмбөг хэрхэн энд хүрснийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс өнөөдөр ч бидэнтэй хамт амьдарч байна. Яг үнэндээ би эрх мэдэл, эд хөрөнгө булаалдаагүй. Монгол Улсаа багийн спортоор дэлхийд хамтдаа гаргая л гэж хүссэн. Үүний төлөө тэмцэж, чадсан. Гэтэл өнөөдөр эцэстээ гудамжинд лааз өшиглөөд л явж байна.

-Уучлаарай таныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан хүний талаарх асуултад хариулах боломжгүй байна уу?

-Ойлгомжтой л доо. Сагсан бөмбөгийн холбоо, Энержи ресурс Батцэнгэл захирал нарын хүмүүс. Би уг нь энэ хүмүүсийг нэгдэж нийлүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд гурван цаг хэрүүл хийсэн. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Золбаяр, Үйлстөгөлдөр, Мөнхсайхан зөвлөх нарын хүмүүс гэрчилнэ. Сагсан бөмбөгийн спортыг дэмжих хүсэлтэй маш олон аж ахуйн нэгж, албан байгууллага байсан. Гэтэл би халуун нурамд хөл нүцгэн гүйж байж MCS-ээр дэмжүүлэх саналыг оруулж, авч өгсөн. Үүнийг уг нь өөрсдөө ч мэдэж байгаа. Ийм байхад цүнх барьж, долоодог хүмүүсийнхээ үгээр энэ бүхнийг шийдлээ гэж харж байна. Сагсан бөмбөгийн спортыг бид мөнгөгүй байхад нь дэлхийд таниулсан. Харин мөнгөтэй боллоо гээд би илүү юм гуйгаагүй. Зүгээр дасгалжуулагчаа хийгээд явъя л гэж гуйсан.

-МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫГ ДЭЛХИЙД ГАРГАХЫН ТУЛД БИ МАШИНАА ЗАРЖ, БАЙРАА БАРЬЦААНД ТАВИАД Л ЯВЖ БАЙСАН-

-Та ер нь яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Би 2005 онд МУИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд баялаг бус монголчууддаа бахархал бүтээж, бахархалтай болъё гэж бодсон. Үүндээ ч хүрч бахархалтай болсон. Монгол гэсэн нэрийг дэлхийд гаргасан хүмүүс үеийн үед их муугаа үздэг гэсэн. Энэ үнэн юм байна гэж бодож сууна. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд автомашинаа зарж, байраа барьцаанд тавиад хүүхдүүдийнхээ зардлыг хийгээд тэмцээнд явж байсан. Үүний гэрч нь Санчир, Дөлгөөн, Билгүүн, Дэлгэрням гээд байна. Тухайн үед хүмүүс “Та арай ч дээ” гэдэг байсан бол эхнэр байраа барьцаанд тавилаа гээд уурлаж л байсан. Харин би “За хэдүүлээ босно” гээд зүтгэсэн. Ингэж л сагсан бөмбөгийн хөгжил манай улсад ирсэн. Гэтэл өнөөдөр мөнгө, эрх мэдэл нь байна. Чи хэн ч биш гээд байх шиг байгаа юм. Хэний мориор хаана хүрсэн. Хэн юу хийсэн билээ гэдгийг бодох учиртай. Үүнийг бүгд харж байгаа. Гэтэл ингэж тэмцэж, хөдөлмөрлөснийхөө эцэст над шиг байдалд ордог ийм муухай жишиг Монголд битгий тогтоосой гэдэг үүднээс би энэ эрсдэлтэй зүйлийг яриад байгаа юм.

-Багийн спортод дасгалжуулагч маш чухал гэдэг нь таныг халснаас хойш оролцсон тамирчдын амжилтаар нотлогдлоо шүү дээ?

-Дасгалжуулагч хүн гэдэг хүний бодсоныг биш түүнээс давж бодож тулаанд орж, амжилт үзүүлдэг маш торгон мэдрэмжийн ажил. Гэтэл зарим хүмүүс багийнханд замын зардлыг нь л өгчихвөл амжилт гаргах юм шиг бодоод байна. Үнэхээр мөнгө өгөөд ялалт байгуулдаг бол дэлхийгээр дүүрэн ялалт байгуулсан хүмүүс байна шүү дээ. Мөнгөөр шийдэж болдоггүй зүйл бол дэлхийн их спорт. Сагсан бөмбөгийн спорт С.Тулгагүй бол хөгжиж, хожно гэж байсан ч эцэстээ 3x3, 5x5-ын амжилт одоо ямар байгаа нь бүхнийг илтгэх байх. Үүнийг хараад амьдралынхаа 20 жилийг зориулсан сагсан бөмбөгийн спортыг маань нурааж байна даа гээд сэтгэл эмзэглээд сууж байна. Би одоо ядаж Азийн наадамд явъя л даа гэхээр явуулахгүй байгаа. Хятад визгүй юм чинь би өөрөө зардлаа гаргаад, таягаа тулаад ч хамаагүй очмоор байна. Гаднаас нь ядаж орилоод сууж баймаар байна шүү дээ.

-САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫНХОО ТӨЛӨӨ ӨМНӨХ ЗҮЙЛСЭЭ МАРТААД УРАГШАА ХАРААД  ХЭНИЙ Ч ӨМНӨ ЯАСАН Ч БОЛНО-

-Нууц биш бол та одоо ямар ажил хийж байна. Хөлөө гэмтээгээд нэлээд зовиуртай байх шиг байна?

-Нуух юм байхгүй ээ. Би одоо амьдрахын эрхэнд ганц чаддаг юмаараа хүүхдүүдийн секц л ажиллуулж байна. Иймэрхүү амьдрал л үзэж байна үнэндээ. Үзэх ёстой л юм байлгүй. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм. Хорин жил зовж, зүтгэж, 24 цаг ч багадахаар хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Байж болох бүх л нөөц боломжоо ашигласан. Эхнэр хүүхдэдээ мөнгө өгдөггүй байж, хамаг байдгаа шавхан байж сагсан бөмбөгийг хөгжүүлсэн. Хэрвээ би тэр мөнгөө идэж, уусан бол хоёр гүүрний цаана, хосгүй баян болох байсан. Гэтэл тийм юманд би өөрөө угаасаа дургүй. Үнэн байя л гэж боддог. Амьдралдаа өөрөө өөрийгөө хуурахгүй юмсан л гэж бодож явдаг. Яг ингээд сэтгэлээсээ ярихаар өмөлзөөд л, уйлах ч багадахаар байдаг. 

Монголчууд бид багаараа хамтаараа ялна гэхэд одоо миний эсрэг талд тэмцээд байгаа, цүнх барьж, бөгс долоож яваа хүмүүс бүгдээрээ “тийм боломж байхгүй, хөгжихгүй” гээд инээдэг байсан. Гэхдээ өөрсдөө сая менежмент хийгээд тэрийгээ үзүүллээ. Миний эхнэр, гурван охиндоо ч гаргаж үзээгүй цаг заваа зориулж өдий зэрэгт хүргэсэн тэр сайхан охидуудыг маань Азид очоод нүдний булай болголоо шүү дээ. Тэгээд хийсэн бүтээсэн хүмүүсээ гаргаж болохгүй, зайлуул гэж хэлдэг. Тийм л хүмүүс. Гэтэл үр дүнгээ дэлхийн тэмцээнд ороод үзэж байна. Тэд Монголдоо юу ч хийж болно оо. Гэтэл бидний мөрөөдөл чинь дэлхий биз дээ. Манай хамт олон бол Монголын хөгжлийг дэлхийд гаргасан. Энэ бол маргаангүй үнэн зүйл. Эрүүл мэндийн хувьд жаахан асуудалтай л байна. Хоёр хөлөө хугалж, шагайгаа хадуулсан. Энэ яахав ээ. Эдгэчихнэ. Монголчууд нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. 

-Магадгүй энэ бүхний дараа таныг дасгалжуулагчаараа эргэн ажиллахыг хүсвэл та хүлээн авах уу?

-Мэдээж би маш дуртай очно. Сагсан бөмбөгийн спортынхоо төлөө өмнөх зүйлсээ мартаад урагшаа хараад  хэний ч өмнө яасан ч болно гэж бодож байна.