Б.Бат-Эрдэнэ: Жюү жицүгийн түүхэнд ДАШТ-ээс анх удаа мөнгөн медаль хүртсэн тамирчин болсон /ВИДЕО/

Б.Бат-Эрдэнэ: Жюү жицүгийн түүхэнд ДАШТ-ээс анх удаа мөнгөн медаль хүртсэн тамирчин болсон /ВИДЕО/

Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан жюү жицүгийн өсвөр үе, залучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73 кг жинд эх орноо төлөөлөн оролцож, түүхэн дэх анхны мөнгөн медалийг хүртсэн "Их шавь" дэвжээний тамирчин Б.Бат-Эрдэнэтэй бид ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд дуу хуурын өлгийг гэгддэг Дундговь аймгийн Өлзийт харьяат бөгөөд Чингэлтэй дүүргийн "Их шавь" клубийн тамирчин юм. Одоогоор 15 настай, "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч юм. Их спортоор хичээллээд хоёр жил л болж байгаа ч орсон тэмцээн болгондоо амжилттай оролцож, медалийн тавцанд зогсдог түүнийн мөрөөдөл нь олимпийн аварга болох аж. "Би багаасаа л аавыгаа дагаад наадам хэсээд явчихдаг, багын л бөхийн спортод сонирхолтой байсан. Ирээдүйд олимпийн аварга болох зорилго тээн өдөр бүр бэлтгэлээ хичээнгүйлэн хийж байгаа" гэх түүний ярианаас хүсэл тэмүүлэл, урам зориг мэдрэгдэнэ. Ингээд түүнтэй жюү жицү, жүдогийн спортын сайн сайхан болоод залуу тамирчинд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан ярилцлагыг хүлэн авна уу.

- Анх хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ? Яагаад хичээллэх болов?

Би багаасаа л аавыгаа дагаад наадам хэсээд явчихдаг, бөхөд хоббитой хүүхэд байсан. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2021 оны есдүгээр сард "Их шавь" дэвжээнд анх удаа жюү жицүгийн ги, жүдогийн кимоно өмсөж, бэлтгэл хийж байлаа. Тэр үед маш их таалагдаад, аавдаа "Энэ багштай л цуг бэлтгэл хийнэ" гэж хэлсэн юм. Манай багшийг н.Нарангэрэл гэдэг. Тэр үеэс л спортын гараа маань эхэлсэн дээ.

- Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын түүхэн дэх анхны мөнгөн медаль - 

- Тамирчин болоход анхны тэмцээн их чухал байдаг байх. Өөрийн чинь анхных нь ямар тэмцээн байсан бэ? Амжилт үзүүлж байв уу? Мөн хамгийн сүүлд оролцсон тэмцээн нь ямар тэмцээн байсан?

Анх 2021 онд улсын аваргад орж хүрэл медаль аваад их баярлаж байлаа. Тэгэхэд юу ч мэдэхгүй дээр доороо өнхрөлцөөд, шидүүлээд л, нэг авч шидэж байгаад л хүрэл медаль авчихсан. Түүнээсээ урам аваад бэлтгэлээ улам шаргуу хийж, шамдаж эхэлсэн дээ. Улсын аваргад 2022 онд түрүүлж, энэ жил дахиж түрүүлэн улсын хошой аварга болсон. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Баасандоржийн Ариунцог багш дор бэлтгэл хийж, наймдугаар сарын 20-25-ны хооронд зохион Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Монголоос хамгийн анхны мөнгөн медалийг хүртсэн байгаа.

- Жюү жицүгийн дэлхийн аваргад нас ахиж оролцсон гэсэн. Яагаад нас ахиж оролцох болсон бэ? Чиний насны ангилал байгаагүй хэрэг үү? Бас Монгол улсын түүхэн дэх анхны мөнгөн медаль байсан гэв үү?

Залуучуудын дэлхийн аварга гэдэг утгаараа U21, U18 гэсэн насны ангилалтай.

Нэгдүгээр сард Улсын аваргад түрүүлээд эрхээ авахад намайг шууд л "чи явна, чамд эрх чинь байгаа" гэсэн. Би хэрвээ явж чадахгүй байсан бол надаас илүү мундаг, арай ах хүн явах байсан ч анх удаагийн тэмцээн, ганц олдож байгаа боломж гэж бодоод аав ээждээ хэлсэн. Тэд ч их сайн дэмжсэн. Тэгээд л зардлаа өөрсдөө гаргаад л зүтгэсэн дээ. Би жюү жицүгийн түүхэнд анх удаагийн мөнгөн медаль, анх удаа финалд шалгарсан тамирчин болсон. Тэрийгээ сонсоод хоолой зангираад нүдэнд нулимс цийлгэнээд л, бас л эвгүй л байдаг юм билээ.

- Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ? Ямар давтамжтай бэлтгэл хийдэг вэ?

Зуны амралтаар өдрийн хоёр бэлтгэл хийдэг. Оройдоо гэртээ жоохон хүчний дасгал хийж, турникэнд суниагаад, резин татдаг. Хичээл орсон үед өдрийн нэг бэлтгэл хийдэг. Тэрийгээ яг чанартай хийхийг л хичээдэг дээ.

- Барилдахдаа анхнаасаа тэмцээн гэж бодож өөрийгөө зовоодоггүй -

- Тамирчин хүний хувьд биеийн дасгалтай ижил сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх шаардлагатай гэж боддог. Өөрийн чинь хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Анхнаасаа тэмцээн гэж бодож би өөрийгөө зовоодоггүй. Манай аав хэлэхдээ "Энэ бол эр хүний наадгай. Барилдаан гэдэг бол өөрийгөө зовоох зүйл биш. Хэн нь хожих, хэн нь хожигдох вэ гэдэг нь чухал бус. Хэн хүчтэйгээ л үзэж байгаа хэрэг" гэж хэлдэг. Энэ үгийг чандлан бодож явдаг. Мөн дэвжээндээ мөргөчхөөд гарахад ер нь л сэтгэл зүй сайхан болчихдог шүү дээ.

- Ирээдүйн хамгийн том зорилго, мөрөөдөл юу байгаа вэ?

Би 2028 оны олимпод жүдо бөхөөр орно гэсэн зорилготойгоор хичээллэж байгаа. Тэгэхийн тулд би жюү жицүгээр партерийн барилдаан буюу хэвтээ барилдаанд илүү сайжрах хэрэгтэй.

- Тамирчин хүнд, тэр дундаа бөх хүнд дархан мэх гэж байдаг шүү дээ. Чиний хувьд хамгийн сайн хийдэг мэх юу вэ?

Дархан гэхэд хаашаа ч юм. Өрсөлдөгчөө ер нь хөмрөөд л шидчихдэг. Өндөр нуруутай болохоор энэ мэх надад тохирдог.

Жюү жицүгээр бол close card, open kard хоёртоо түлхүү сайн. Дархан гэхэд бас жаахан хэтрүүлсэн болох болов уу. Жоохон сайн хийдэг л гэсэн үг.

- Их спортоор хичээллэж байгаа залуу хүний хувьд тулгамдаж байгаа бэрхшээлтэй зүйл юу байна? Мөнгө санхүү ч юм уу?

Аав ээж хоёрыгоо дагаад спонсор байгууллагууд хайгаад, компаниуд дээр очиж, өргөдөл гаргаад явж, гуйж үзсэн. Ер нь жүдо, жюү жицүгийн спортыг ойлгодоггүй юм уу, Монгол компаниуд үндэсний бөхөө л дэмжих сонирхолтой байдаг. Уг нь их спорт шүү дээ. Намайг ивээн тэтгэж дэмжсэн компани, байгууллага байдаггүй. Ер нь гэр бүлээрээ, гэр бүлийнхээ танилын хүрээнээс зардлаа гаргаад оролцоод ирдэг дээ. Үндэсний бөх Монголд дархлагдчихсан спорт учраас үүн дээрээ л илүү анхаардаг юм билээ.

- Дараагийн хамгийн ойрын тэмцээн юу байгаа вэ?

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 11 дүгээр сард зохион байгуулагдах "Эй Жи Би тоур" гээд холбооны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн бий.

Энэ тэмцээнд 2022 онд оролцож, хүрэл медаль авч байсан. Энэ жил дахиж оролцож, медалийнхаа өнгийг өөрчилж, алтан медаль авах зорилготой байгаа. Намайг үргэлж дэмжиж хажууд байдаг багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн, аав ээж мөн жюү жицүгийн н.Ганцог багшдаа маш их баярлалаа. Мөн н.Нарангэрэл багшдаа баярлалаа. Та бол үргэлж миний багш дасгалжуулагч, мөн ах байж ирсэн шүү. Тандаа хайртай шүү. Мөн аав ээжийхээ найзуудад бүгдэнд нь баярлалаа. Их бага гэлтгүй үргэлж тусалж, дэмждэг та бүхэндээ үнэхээр их талархдаг аа.