Г.Цэцэгбадам: Эр эвээхий нь эмдээ тоогдохын тулд үргэлж өөрийгөө гоёж байдаг сонин амьтан /ВИДЕО/

Г.Цэцэгбадам: Эр эвээхий нь эмдээ тоогдохын тулд үргэлж өөрийгөө гоёж байдаг сонин амьтан /ВИДЕО/

Байгалийн түүхийн музейн ховор олдворуудыг арчилж хамгаална, засаж зайсруулна, үзвэр нэмж өргөтгөх тун хэрэгтэй, ховор ажил мэргэжил эрхэлж яваа, мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, шимтэн хийх Байгалийн түүхийн музейн шавж судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэцэгбадамтай бид ярилцлаа.

ВИДЕО:

Түүний хувьд эдийн засагч мэргэжлээр сурч байсан хэдий ч мэргэжлээ орхин амьтан судлаач, археологич гэх ховор бөгөөд амаргүй мэргэжлийг эзэмшжээ. Тэрбээр "Хүмүүс мэргэжлийг маань ойлгодоггүй юм. Бид чинь умгар өрөөндөө судалгаагаа хийгээд суух, хээрээр тэнүүчилж шавж цуглуулж явахдаа юунаас илүү аз жаргалтай, түүнээсээ энерги, эрчим хүч авч байдаг хүмүүс" гэж ярих түүний ярианаас мэргэжилдээ хайртай, ажлаа дурлаж хийдэг гэдэг харагдана.

Тун удахгүй байгалийн түүхийн музейд судлаач, археологич Ц.Одобаярын дэлхийн олон улс орноос болон Монгол орныхоо нутгаар явж цуглуулсан эрвээхийн үзмэрүүд тавигдах гэж байгаа тухай сураг сонсож, гайхалтай ховор олдворуудыг нүдээр үзэж, уншигч олондоо харуулахыг зорьж очсон юм. Ингээд бидэнд олон төрлийн үзэсгэлэнт эрвээхийнүүдийг харж нүд, сэтгэлээ баясгаснаас гадна, шавж судлаач гэх мэргэжлийг эзэмшсэн мундаг бүсгүйтэй ярилцах боломж олдсон юм.

Сайн байна уу? Юуны өмнө бидэнтэй ярилцах цаг зав гаргаж байгаа танд баярлалаа. Хийж байгаа зүйлсийг харахад маш нарийн, чимхлүүр ажил шиг санагдаж байна. Таны хувьд өөрийн тань эзэмшсэн мэргэжил юугаараа илүү онцлог вэ? Мөн одоогоор яг юу хийж байгаагаа тайлбарлаж өгөөч?

Одоогоор хөдөө явж цуглуулсан шавжны дээжнүүдээ ангилан ялгаад дэвтээхийг нь дэвтээж, хөлдөөхийг нь хөлдөөж дэглэх анхан шатны боловсруулалтын ажил явагдаж байна. Миний хувьд хээрээс өөрөө шавжнуудаа цуглуулдаг. Дээжнүүдээ өөрөө тэндээсээ бэлтгэн боловсруулаад энд авчирна. Бүр эхнээс дуусан дуустал, музейн үзмэр болоод гартал нь яг би өөрөө бүх зүйлээ хариуцаж, гардаж хийдэг учраас түүгээрээ илүү онцлогтой байх. Мөн амьтан судлах тэр дундаа энэ амьтан ямар онцлогтой, ямар идэш тэжээлтэй, ямар орчин нөхцөлд амьдардаг гэх мэтчилэн үргэлж шинэ зүйл сурч мэддэг, үргэлж шинэ орчин нөхцлийг харж таашааж түүнээсээ энерги эрчим хүч авдаг учраас өөрт маань их сонирхолтой санагддаг. Бусад хүмүүс яагаад ийм мэргэжил сонгосон юм гэж гайхаж асууж л байдаг. Манай мэргэжил уг нь сайхан мэргэжил шүү дээ.

Эрвээхийнүүдээ үзмэр болгохоор бэлтгэж байгаа юм байна. Ер нь эрвээхий ямар онцлогтой амьтан юм бэ?

Эрвээхий бол маш үзэсгэлэнтэй, жигүүртэнтэй ойролцоо амьтан. Далавч нь нэлээн том, нисэхэд зохилдсон байдаг. Их гоёмсог, олон төрөл байдаг учраас судлахад их сонирхолтой санагддаг. Тун удахгүй манай Байгалийн түүхийн музейд амьтан судлаач, биологич Ц.Одбаярын цуглуулгаас 270 гаруй зүйлийн 397 эрвээхийн үзмэр тавигдахаар дээж нь манай дээр ирсэн. Миний хувьд үүнийг олон түмэнд хүргэхийн тулд шаргуу ажиллаж, өнөө маргаашгүй үзэсгэлэндээ дэглэх гээд бэлтгэл ажлаа базааж байна. Энд гадаад болон дотоодод тархсан маш олон төрлийн эрвээхийнүүд бий. Тухайлбал Энэтхэг, Африк, Перу, Индонез, Малайз зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж ирсэн, эрвээхийнүүд байгаа.

Эрвээхийг байгалиас хэрхэн барьдаг юм бол. Мөн байгалиас бариад хэдэн шат дамжлагийг дамжиж, хэр удаан хугацааны дараа музейн үзмэр болж бэлтгэгддэг вэ?

Ер нь эрвээхийг байгаль дээрээс нь цуглуулахад тусгайлан бэлтгэсэн нарийхан сачокоор барьдаг. Ингээд гялгар уутанд юм уу, гурвалжин цаасанд хийгээд тээвэрлэж авчирдаг. Тухайн шавжны онцлогоос хамаараад тусгай химийн бодис зарим үед шаардлагатай байдаг. Хэрэв дээж маань шинэхэн бол шинээр нь дэлгэж болно. Хэрвээ тээвэрлэлтийн явцад хатаж хорчийсон бол тодорхой хэмжээний уусмалд юм уу дэвтээлтийн аргаар дэвтээж янзлаад дэлгэдэг. Ингээд дээж маань боловсруулалтын ажил хийгдэхээс өмнө дэвтээнэ, дэлгэнэ, хатаана, тодорхойлно гээд ойролцоогоор нэг ширхэг үзмэр бэлтгэхэд 14 орчим хоног болдог.

Амьтан судлаач, гэдэг нарийн түвэгтэй байхаас гадна хичээл зүтгэл, цаг хугацаа их шаарддаг ажил юм шиг санагдлаа. Тухайлбал энд маш олон төрлийн эрвээхий байна. Үүнийг ер нь цуглуулахад хэр хугацаа шаардсан бол?

Ц.Одбаяр судлаачийн хувьд амьдралынхаа маш олон жилийг энэ цуглуулгад зориулж, биологитой амьдралаа холбосон он жилүүд бий. Энэ хүний хөдөлмөр асар их. Амьтны цуглуулгыг бэлтгэхэд ер нь их мэдээлэл харна, судална, бусад хүмүүстэй харилцаа холбоо үүсгэхээс эхлээд маш их цаг хугацааг зарцуулж, ур чадвар гаргаж, ухаан шингээж байж л энэ цуглуулга гарна шүү дээ.

Тэгэхээр үзмэрүүдээ илүү гоё харагдуулах талаас нь бас анхаардаг уу? Нэг гоё эрвээхийн үзмэрийг гаргахад тэр эрвээхий нэг л байхад хангалттай юу? Эсвэл олон байх шаардлагатай юу?

Нэг эрвээхий янзлаад тэр нь шууд амжилттай болохгүй. Нэлээн хэдийг янзалж байж түүнээсээ аль гоёыг нь шилж аваад аль үзэмжтэйг нь үзмэрт тавина. Эсвэл эрвээхийнүүд эр, эм хүйс гэж байгаа. Болж өгвөл эр эмийг хүйсээр нь ялгаж тавьбал гоё. Судлаач бидний хувьд үзүүлэх гэж буй үзмэрүүдээ их гоё байлгах гэж хичээж ажилладаг.

Энд дотоод болон гадаадын маш олон төрлийн эрвээхийнүүд байна шүү дээ. Ажиглаж үзэхэд Монгол орноос олдсон эрвээхийнүүд илүү жижиг байгаад байна. Энэ юутай холбоотой вэ?

Манай Монгол орон сэрүүн уур амьсгалтай учраас амьтан дээр энэ нь их мэдэгддэг. Жишээлбэл Монголын говийн бүсээс цуглуулсан эрвээхий гэхэд л өнгө үзэмж мэдээж гоёмсог ч биеийн хэмжээний хувьд жижиг. Дулаан оронд архсан эрвээхий гэхэд маш том байдаг. Далавч нь 140-180 мм орчим, зарим нь 200 мм хүрнэ. Энэ нь уур амьсгал, идэш тэжээл, амьдрах орчин нь хэр тааламжтай, тохиромжтой байгаагаас шалтгаалан төрөл зүйл нь өөр өөр учраас том жижгээрээ ялгаатай байгаа юм.

Эрвээхий ер нь нэг өндөглөхдөө хэдэн ширхэг өндөг гаргадаг юм. Үржилд орох, үржих процесс хэр сайн юм. Мөн хэдий хугацааны насжилттай амьтан юм бол. Би бол маш богино настай амьтан гэж сонссон?

Зарим эрвээхий 50-200 ширхэг өндөг гаргана. Зарим нь нэг хоёрыг гаргаж байгаад хэд хоноод ахиад нэг хоёр ч юмуу цөөхнөөр гаргадаг нь ч бас бий. Энэ нь төрөл зүйлээсээ л хамаарна. Эрвээхийн амьдралын мөчлөг маш богино. Нэг жилийн л настай байдаг. Өндөг авгалдай, хүүхэлдэй гэсэн шатыг дамжаад амьдралын эргэлт нь дуусдаг.

Сүүлийн үед эрвээхий их ховордоод байх шиг байна. Энэ юунаас нөлөөтэй юм бол?

Одоо бол хүний нөлөөгөөр их ховордож байна. Тухайн амьтан амьдарч буй орчин дуу чимээтэй, бохир байхаар амьдрах нөхцөлгүй болоод л өөр газар луу дайжиж байгаа. Зарим нь дайжиж чадахгүй болохоор мөхөж л байгаа л даа. Жишээлбэл богд уулын нэг аманд очоод өнгөрсөн жил байсан нэг зүйл эрвээхийг цуглуулах гээд очиход тухайн газарт нь байшин барилга бариад, хашаа татчихсан, эрвээхий дайжаад алга болсон байсан.