СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас нэг хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас нэг хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 27-ны өдөр хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан 15 хүүхэд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн юм.

Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байсан хэдий ч тавдугаар сарын 28-ны өдөр найман настай хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал одоог хүртэл хүнд хэвээр байгаа аж.

Бусад хүүхдүүдийн хувьд тархи нь хагарч, гар хөл нь гэмтсэн зэргээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн гурван хүүхдийн биеийн байдал хэвийн бөгөөд гэрт нь хүргэсэн гэж Өлгий сумын холбогдох албаныхан мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, "Тухайн хийлдэг тоглоомыг ажиллуулж байсан иргэд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүй мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас уг харамсалтай хэрэг гарсан байна. Цаашдаа төв талбайд үйл ажиллагаа явуулж буй тоглоомуудыг хянаж шалган, цэгцлэх ажлыг эхлүүлнэ" гэжээ.

Хүүхдийн баяртай холбогдуулан хяналт шалгалтгүй, янз бүрийн олон тоглоом хотын энд тэндгүй байрладаг учир эцэг эхчүүд хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.