ВИДЕО: Эзнийхээ гудамжнаас олж ирсэн муурын зулзагыг “Жэсси” гэх нохой халамжлах болжээ

ВИДЕО: Эзнийхээ гудамжнаас олж ирсэн муурын зулзагыг “Жэсси” гэх нохой халамжлах болжээ

Төмөр шиг, чулуу шиг хатуу сэтгэлийн уяраам нэгэн жигтэй сонин үйл явдал өнгөрсөн хэд хоногт сошиалд олон ч хүний сэтгэлийн утсыг хөндөв. Юу гэхээр жирийн л нэг айлын халуун хайранд өссөн Жэсси гэх зургаан настай эм нохой /түүнийг эзэд нь охиноо гэнэ/ эзнийхээ согтуу эрийн гараас үнэ тохирч аварсан гэж хэлж болох бяцхан муурын зулзага хоёрын түүх билээ.

ВИДЕО: 

-ЖЭССИ МУУРЫН ЗУЛЗАГЫГ АНХ ХАРААД ХЭСЭГ ЗОГССОНОО ШУУД ДОЛООЖ ЭХЭЛСЭН-

Эл түүх эхлэх өдөр эзэн нь нөгөө л сурсан зан, уяхан сэтгэлээрээ согтуу эрийн гарт зарагдаж явсан муурын зулзагыг үнэ тохирч аваад гэрийн зүг зорьжээ. Ингэхдээ өөрийн охин мэт хайрладаг Жэссигээс бага зэрэг эмээж, яах бол гэсээр жижиг хайрцагт муураа нууж, гэрийн хаалгаар орсон аж.

Удалгүй амьтай амьтан л юм болохоор муур чимээ өгөхөд Жэсси гүйн очиж харснаа зог тусан жаахан зогсож гэнэ. Энэ үед эзэн нь нохойгоо ажиглахад уурлах, эвгүйрхэхдээ сэрвээний үс нь босдог гэх Жэсси нь тэгсэн ч үгүй. Харин эсрэгээрээ харц нь зөөлөрч хэсэг зогссоноо долоож эхэлжээ. Улмаар эзэд нь эмчээс утсаар зөвлөгөө авч муурыг угжиж, тамир орсон муур тоглож эхлэхэд Жэсси хүрж ч чадахгүй хайр нь хүрч, харж хэвтсэн гэх. Эл өдөр оройтож гэртээ ирсэн К.Эрдэнэ-Оюун нээлттэй эмнэлэг байгаагүй тул муураа гэртээ асарч буй нохойноосоо зай барьж өөрсдийн унтлагын өрөөнд авч хоносон байна.

Уг шөнө Жэсси муурын зулзагыг долоож, цэвэрлэж, бие засуулж бараг дугарах бүрд нь эзнийгээ дуудаж сэрээж, тус гэр бүлийн хувьд нойргүй ч гайхалтай шөнө өнгөрчээ. Маргааш нь болоход дахин муураа угжих болсон Оюунаа нэг л эвээ олохгүй зовниож суутал Жэсси эзнийхээ өвөр дээрээс муурыг зуун авч эвлэгхэн хэвтээд хөхүүлж эхэлсэн нь энэ түүхийн эхлэл болсон юм. Ийнхүү Жэсси муурын зулзагын ээж болж, эзэд нь охиноороо бахархсан гэдгээ хэлж байлаа.

-МАНАЙ БАС НЭГ ОХИН МОЛЛИ ГЭХ НОХОЙ МӨӨГӨНЦӨРТЭЙ УЧИР НЯЛХ МУУР БАЙЛГАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН. ГЭХДЭЭ МУУРЫН ЗУЛЗАГА, ЖЭССИ ХОЁР ӨДӨР БҮР УУЛЗАЖ БАЙГАА-

Гэвч тэдний жаргалтай мөч удаан байсангүй. Угаас жаргал ихэдвэл зовлон. Хосолж байхдаа үнэн хүү жаргал хэмээдэг шүү дээ. Энэ үг энэ түүхэд ч туссан мэт. Учир нь маргааш өглөө нь эзэн сурсан зангаараа аварсан амьтдаа үзүүлдэг эмч, эмнэлгүүд рүүгээ явж шинжилгээ өгөхөд муур эрүүл байжээ. Баярласан эзэн элс, хоол гэх мэт хэрэглээг нь аваад тэжээхээр харих үед танил хоёр ч эмч залгаж, муур чинь хэр жижиг байна. Таны сүүлийн аварсан нохойн мөөгөнцөр эдгэрээгүй тул мууранд хүрвэл хүнд тусна. Эдгэрэх магадлал бага гэжээ. Түүний аварсан сүүлийн азтай савар нэг өдөр гудмаас олж ирсэн мөөгөнцөртэй муурнаас нь халдвар аваад эмчлэгдэж байгаа. 

Иймээс л Оюунаа гэр бүлээрээ ярилцаж муурны зулзагын талд шийдвэр гаргаж хүнд үрчлүүлэх хүнд шийдвэрийг гаргасан байна. Ингээд зар тавьж, гэрээс нь нэлээд зайтай байрладаг нэг охин түр харахыг зөвшөөрсөн ч муураа эхээс нь буюу Жэссигээс салгаж авч гарж зүрхлээгүй эзэн нь арга аа барж суухад хэзээний тэднийг таних хажуу айлын охин нь муурыг авч өсгөх санал тавьсан байна. Ингэхдээ “Жэсситэй уулзуулж байя. Яаж салгах вэ дээ” хэмээснээс Жэссиг гадаа тоглож байх үед зулзагаа үрчлүүлжээ. Түүний эзэн К.Эрдэнэ-Оюун “Жэсси орж ирээд шууд зулзагаа хайсан. Би анх удаа нохойгоо тийм том том нулимс унагаж, гомдсон харцаар өөдөөс харахыг харсан. Би ч давхар уйлсан даа. Тэр үед зүгээр дээ маргааш уулзуулна даа гэсэн итгэл байсан учир тэсэж байлаа" гэсэн юм. Улмаар өдөр бүр уулзуулж байгаа бөгөөд Жэсси ч үүндээ дасаж байгаа аж.

-ЖЭССИ МААНЬ МАШ УХААНТАЙ ХУЛГАЙЛАГДАЖ, ХҮҮХДИЙН АМЬ АВАРЧ БАЙСАН УЧИР БАЙРАНДАА НЭР ХҮНДТЭЙ-

Харин одоо Жэссигийн түүхээс цухас дурдвал, Энэ гэр бүл ам бүл гурвуулаа. К.Эрдэнэ-Оюун Нөхөр Ж.Анхбаяр Хүү  А.Сүхбат нарын хамт амьдардаг. Энэ айлын ганц хүү боксын тоглогч. Түүнийг Узбекэд тэмцээнд оролцох үеэр түүний өрсөлдөгч Жэссиг бэлэглэж байжээ. Ийнхүү энэ гэр бүлийн нэг гишүүн охин нь болж зургаан жилийн нүүрийг үзээд буй. Эднийх энэ өвөл бас нэг шинэ охинтой болсон бөгөөд түүнийг Молли гэдэг. Одоо таван сартай. Түүнийг хөлийн тасалсан байдалтай гудамжнаас олж тайван унтаж, нүдэнд хайр дүүрэн гялалзтал сайн хүргэнэ өсгөжээ.

Мөн тэд гарах бүртээ гэр бүлээрээ явдаг бөгөөд шинэ жил, цагаан сараар айл хэсэхэд нь ах дүү нар нь охидод нь буюу Молли, Жэсси нарт элдэв янзын хувцас, гоёл гэхчлэн бэлэг өгдөг аж. Жэсси их ухаантай. Их гэдэг үгийг ашиглаж буй үнэхээр зөв хүмүүжсэн ухаантай учир ашиглав. Тэр нэг удаа хулгайлагдаж, өөрөө буцаж ирснээс хойш танихгүй хүн дээр очдоггүй болжээ. Тиймээс сургалтад суулгах гэж очсон боловч бусад нохдын гурван сар сурдаг бэлтгэлийн очмогцоо дуурайн хийснээр эзэд нь ухаантай гэдгийг нь мэдэж байснаа ярина. Мөн түүний зан чанарыг даган дуурайгч хэмээн тодорхойлжээ. Жэссигийн хөгжилтэй, жигтэй явдлыг дурдвал дуусахгүй. Иймд эзэн нь нэгэн баатарлаг явдлыг нь онцлон сонирхуулсан юм. Энэ бол хүүхдийн амь насыг авран хамгаалсан түүх.

Түүнийг зун болохоор тагтан дээр гарахыг зөвшөөрдөг байсан учир нэг өдөр цонхоор орчин харж зогсохдоо таван давхраас дүүжлэгдсэн унах гэж буй хүүхэд хараад хамгийн чангаараа хуцаж хавийн хүний анхаарал татжээ. Улмаар уг байр луу орох гэж явсан хэсэг залуус харж айлд хэлснээр хүүхэд аврагдсан байна. Ингэхдээ залуус “танай хамгийн дээд давхарт байдаг нохой хуцаагүй бол хүүхэд чинь унах байлаа” гэсэн гэдэг.

Ингээд тус айлын эзэгтэй нэг өдөр талархал илэрхийлж сүү барина орж ирэхэд энэ гэр бүл Жэссигээр бахархаж бас санаа нь амарчээ. Учир нь талархал илэрхийлдэг айл зургаан хүүхэдтэй учир нохойнд дургүй. Жэссигээс болж өмнө нь хэд хэдэн удаа ам зөрж байсан тухайгаа эзэн нь бахдам ярина. Энэ мэтчилэн сайн үйлээр байрныхнаа өөртөө татаж чадсан Жэсси өдгөө байрандаа сайн нэрт, зөрсөн хүмүүс эзэнтэйн бус Жэсситэй мэндлэх хэмжээний бяцхан од гэх юм уу даа.

Түүнчлэн Жэссиг байгалийн жамаар нь төрүүлэхээр нийллэгт оруулсан ч тодорхой шалтгаагүй хээл авах боломжгүй гэсэн онош тавиулж байжээ. Гэхдээ тэр одоо өөрийн гэсэн хөөрхөн зулзагатай. Түүнийгээ хэнээс ч илүү хайрладаг билээ.

-ЖЭССИГИЙН ЭЗЭН К.ЭРДЭНЭ-ОЮУН ААВААСАА ӨВЛӨСӨН ЭНЭРЭНГҮЙ ЗАНГААРАА 15 ЖИЛ ЗОВСОН АМЬДАД ТУСАЛЖ ЯВАА НЭГЭН-

Дээр олон удаа дурдагдаж буй энэ гэр бүлийн эзэгтэй К.Эрдэнэ-Оюун нь зовсон амьтанд тусалдаг, энэрэнгүй нэгэн. Түүний ах дүү нар ч мөн адил амьтанд хайртай гэх. Гэхдээ зовсон амьтдыг аварч чин сэтгэлээсээ хайрлах болсон нь түүний ааваас үлгэрлэн ирсэн аж. Бид ярилцлагын үеэр тэрнээс

-Хэдэн жил, хэчнээн амьтан аварсан талаар асуухад

-Би нэг ч удаа тоолж байгаагүй. Анх Нарантуулын араад эх болон бусад зулзага нь унасан модон пийшинд даруулж үхсэнээс амьд үлдсэн ганц зулзагатай таарч гэртээ аваачиж байсан. Аав минь надтай хамт угжиж нохой болгосон юм. Миний аав амьтанд их хайртай хүн л дээ. Тэр нохой маань саяхан хөгшрөөд бие нь өвдөж, эмч нар зовоолгүй унтуулах санал тавьсан. Хэцүү байсан ч нохойгоо бодоо буруу харж уйлан байж унтуулсан. Тэгээд бодож үзсэн юм. Би тэр охинтойгоо 15 жил дөрвөн сар хамт байсан юм байна лээ. Тэгэхээр би энэ хугацаанд амьтан аварсан гэсэн үг. Тоог бол хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

Ийнхүү хайраар дулаалсан гэрт хэсэг ч болов хүний ертөнцийн өөр нэг хайр, аж жаргалын түүхийг сонсож, зарим үед нүдэнд нулимс цийлгэнэж байлаа. Аварсан азтай савруудаа охидоо гэх эгэл нэг эмэгтэйг хүндлэн биширч тус айлын хаалгаар гарав. Би эгээ л энэ хорвоод 20 гаруй жил амьдрахдаа ийм үнэн сэтгэл, ийм амьтадын хайр үзээгүй билээ. Буцах замд Жэссигийн зулзагыг нь ярих бүрд гаргах авиа, "эзнээсээ үрээ нэхэж буй ээж адил харах харцыг" нь мартаж чадаагүйгээ нуух юун.

ФОТО: 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө