ВИДЕО: Нийслэл дэх эртний “Маймаа” хотын түүхийг илтгэх дурсгалт газар өдгөө ХӨСӨР хаягдан, сүйдэж байна /ФОТО/

ВИДЕО: Нийслэл дэх эртний “Маймаа” хотын түүхийг илтгэх дурсгалт газар өдгөө ХӨСӨР хаягдан, сүйдэж байна /ФОТО/

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол өнөөгийн монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол, соёлын өв, түүхийн бэлгэдэл.  Тодруулбал, нийслэлийн хэмжээнд тоотой хэдхэн монголын түүхийг илтгэх түүхэн дурсгалт газрууд, байшин барилга байдаг бөгөөд тэдний нэг нь эртний “Маймаа” хот юм. 

ВИДЕО:

Тухайлбал, 1778 онд анх их хүрээний хүн ардын амьдралын хэрэгцээг хангах арилжаа худалдааг өргөжүүлэх зорилгоор хятад худалдаачдын төвлөн суурьших Маймаа хотыг байгуулж, яваандаа жанжин Д.Сүхбаатарын төрсөн хот учир Амгаланбаатар хот гэж нэрлэхээр тогтож байжээ. Гэвч тус хотоос үлдсэн зарим хэсгийг иргэд хувьдаа авч нурааж, сүйтгэж газрыг нь зарж байгаа талаар ойр хавийн оршин суугчид онцолж байв. Иймд монголын түүхийг илтгэсэн эртний хотын талаар бид сурвалжилж байна.

1807 оны үед Маймаа хот нь 800 гаруй байшин  барилгатай, 4000 орчим оршин суугчтай, гэсэр, дарь эх тэргүүтээ нийт 7 сүм байрлаж байжээ. Тухайлбал, дарь эх сүмийн хоёр чулуун багана нь 11 метр өндөр бөгөөд хийц, гоёл чимэглэл, өнгө будаг зэрэг нь хятадын сүм хийдийн уран барилгын тод жишээ гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд нийслэл дэх эртний түүхийг илтгэсэн байшин барилгыг нурааж оронд нь өндөр барилга барихыг эрмэлзэх эрхмүүд олширсон.

Тодруулбал, хуучны түүх соёлын дурсгалт модон байшин буюу Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшинг нурааж байсан бол өнгөрсөн жил Гоожингийн өндөр хэмээх монголын 100 жилийн түүхийг илтгэсэн барилгыг нураахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг хүртэл цуглуулж байсан удаатай. Тэгвэл энэхүү хотоос үлдсэн гэх тус хоёр баганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан гэгддэг ч өдгөө байгаа төрхийг та бүхэн харж байна. Угтаа бол Засгийн газраас 2023-2025 он хүртэл жуулчдыг “Монголд зочлох жил” болгон зарласан. Гэтэл жуулчдыг татах гол өв соёл, түүхээсээ үлдсэн энэ мэт буурь, суурийг сэргээн засварлах ёстой атал хаяж, орхиж байгаа нь түүхээ уландаа гишгэж байгаагийн нэг илрэл биз ээ.