Э.Гомбосүрэн: Хүчирхийлэл, архидалт хажуу хаалганд хүртэл байдаг. Бараг нийгмийн хэвшил болсон энэ үйлдэл намайг маш их эмзэглүүлдэг

Э.Гомбосүрэн: Хүчирхийлэл, архидалт хажуу хаалганд хүртэл байдаг. Бараг нийгмийн хэвшил болсон энэ үйлдэл намайг маш их эмзэглүүлдэг

Нийгмийн тулгамдсан асуудлуудыг өөрийн дуулсан дуугаар илэрхийлж олны анхаарлыг татсан залуу уран бүтээлч “Epoch” буюу Э.Гомбосүрэнг энэ удаагийн  “Social ID” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр дуугаараа нийгмийг өөрчлөхийг хүсдэг гэсэн юм.

ВИДЕО: 

-Таныг хүмүүс Epoch гэдэг нэрээр л мэднэ.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

-Намайг Э.Гомбосүрэн гэдэг. Би одоо 24 настай. “Chizz 420” records -ийн artist Epoch гэж залуу байна.

-Та оюутан байхдаа уран бүтээл хийж эхэлсэн гэсэн?

-Тийм ээ

-Хаана, ямар мэргэжлээр сурдаг вэ?

-Би 2016 онд СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуульд Сэтгүүлзүйн мэргэжлээр элсэж орсон. Дөрөвдүгээр курсээсээ чөлөө авсан. 2023 онд багтаад төгсөнө гэж бодож байгаа.

-Таны анхны дуу хүүхдийн хулгайн талаар өгүүлсэн байдаг. Хүнд сэдэвтэй дуу байсан. Яагаад тэр сэдвийг сонгож дуулах болсон бэ?

-Намайг их эмзэглүүлсэн юм. Яг тэр үед хүүхдийн хулгай нэлээд хэд гарсан. Тэрийг харж байгаад “Араатан” гэдэг дуу хийсэн.

ВИДЕО: "Араатан" дууны клип

-Яг хажуугаас нь харж байгаа юм шиг бодит байсан. Энэ дуугаараа нийгэмд ямар мессеж өгөхийг хүссэн бэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ ямар ч хараа хяналтгүй байлгадаг. Цэцэрлэг, сургуулиас нь авахгүй байх, гэртээ түгжиж орхих тохиолдол их харагддаг. Ажилдаа анхаараад хүүхдээ орхиод байдаг. Тиймээс  хүүхдэдээ анхаарах ёстой гэдгийг ойлгуулах гэж тэр дууг хийсэн.

-Дууны сэдэв хүнд байсан үе шүү дээ. Цагдаагийн байгууллага хэрхэн хүлээж авсан бэ?

-Дуудсан. Тав, зургаан удаа цагдаагийн газар шалгагдсан. Хүнд гэмт хэрэг хийж болзошгүй этгээд гэж бүртгэсэн.

-Хүмүүс яаж хүлээж авсан?

-50, 50 хувьтай байсан. Зарим нь их эмзэг хүлээж авсан. Тэр асуудал дээр бол миний буруу. Дууныхаа өмнө анхааруулга бичих ёстой байдаг. Жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд, зүрх судасны өвчтэй хүмүүс үзэхийг хориглоно гэж бичих байсан юм. Тэр дууны үг хэрцгий талдаа. Тэр үед хэрэг гарсан байсан юм. Хөвсгөл аймагт аймар хэрэг гарсан. Удаа дараа жаахан хүүхдүүдийг мөчлөөд шуудайнд хийж хаясан.

-Хүмүүс дууг тань сонсоод сөргөөр хүлээж авч байгааг харах танд ямар санагддаг вэ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг тоодоггүй юм. Хүмүүс сонсоод баг ч гэсэн ухаараасай л гэж боддог.

-“Араатан-2” дууны бичлэг олон хүнд хүрсэн. Хандалт, сэтгэгдэл арай илүү байх шиг харагдсан. Сэдвийн талаар ярих нь зөв байх. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын гол шалтгаан архидалт байсан шүү дээ.

-Тэр бол гэр бүлийн хүчирхийлэл, алхаколны зохисгүй хэрэглээ. Намайг бас их эмзэглүүлдэг сэдэв. Зөндөө л байдаг шүү дээ. Хажуу айлын залуу архи ууж ирээд эхнэр хүүхдээ зоддог. Тэгээд энэ асуудлыг нэг дуу болгох ёстой юм байна. Залууст нөлөөлөх ёстой юм байна гэж бодож хийсэн.

НҮДГҮЙ, ЧИХГҮЙ, АМГҮЙ ЮМ ШИГ Л БҮГД МЭДДЭГ Ч ХЭН Ч ЮУ Ч ДУУГАРДАГГҮЙ. ОДОО ТЭР “ЛАНТУУН ДОХИО ТТБ” -ААС ӨӨР ТУУШТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА БИ ЛАВ МЭДЭХГҮЙ

-Та дууны сэдвүүдээ дандаа нийгэмд тулгамдаж байгаа сэдвүүдээр хийдэг үү?

-Үгүй. Надад ямар мэдрэмж төрсөн. Тэрийгээ л дуу болгодог.

-Та дуу хийгээд тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн гэж үзэж байна. Шинэ залуу артистууд их байна. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ Адилхан дуу хийж байгаа хүмүүс шүү дээ.

-Манай дүү нар  бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна. Би  2017 онд анх хоолойн бичлэгт орж үзсэн. Тэр студийн залуу надад санал тавиад, намайг артистаар авж байсан. Тэнд хэсэг байж байгаад, өөрийн гэсэн юмтай болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд найзуудтайгаа хар ажил хийж, мөнгө хураагаад “Chizz 420” студийг 2020 онд байгуулсан. Өөрөө хийж бүтээсэн юм. Мэдрэмж нь илүү гоё байдаг. Дүү нар болохоор бэлэн юман дээр ирж суух гээд байдаг. Надад ая бэлдээд өгөөч, би хоолойд ороод танайхаас дуугаа цацаж болох уу гэдэг. Жаахан хөдөлмөрлөх хэрэгтэй байх. Дуугаа хийхдээ ч гэсэн масс дагадаг. Хувь хүний мэдрэмж, өнцөг байхгүй. Хайр дуулж болно. Гэхдээ нэгнийгээ дуурайгаад байдаг ямар дуу од болж байна гэх мэт, гялс од болох гээд үзээд байдаг юм шиг санагддаг.

-Гэр бүлийнхэн нь дуу хийхэд дэмждэг үү?

-Анх дуу хийж эхлэхэд  ээж жаахан дургүйцдаг байсан. Миний дуунд хараалын үг орсон байдаг. Хип хоп дууны бас нэг элемент гэх юм уу. Одоо бол тоодоггүй юм. Машиндаа сонсоод л явж байдаг.

-Таны зорилго ?

-Би 30 хүртлээ дуугаа хийнэ гэж боддог. Залуу үе гарч ирээд зах зээлээсээ шахагдаад ирэхээрээ өөрийгөө мэдрээд дуулахаа болино. Шинэ артистуудыг гаргаж ирдэг продюсер болно. Хип хопын хөгжилд залуу насаа зориулна гэж боддог.

-Дуу хийхдээ баримталдаг зарчим юу вэ ?

-Анзаараад байхад, би өөрийгөө “үнэн байх” гээд хайрцаглаад байдаг байсан. Одоо тэрнээсээ гараад гадна талаас нь өөрийгөө харж байгаа. Зарим хүмүүс дуулж байгаа зүйлийнхээ талаар өөрөө огт мэдэхгүй хэрнээ тэрийгээ дуулаад байдаг. Тийм юм надад таалагддаггүй. Бусдаар  бол ямар ч дуу хийж болно гэж боддог.

-Сүүлийн дуунаасаа өмнө хэсэг завсарласан. Эргэж гарч ирэхдээ хутгалуулж эмнэлэгт хэвтэж байгаа тухайгаа нэвтрүүлгээр ярьсан байсан.  Түүний өмнө хамтдаа дуулж эхэлсэн найз “orice” цонхоор унаж нас барсны дараа хэрэгтэнийг хайж гэр бүлийхэнтэй нь нэлээд явсан. Энэ бүхний дараа дахин дуу хийж эхэллээ. Юу таныг дуугаа хийхэд нөлөөлсөн бэ?

-2020 он хүнд жил байсан. Ковид гарсан оффиссынхаа түрээсийг төлж чадахаа байгаад гарсан. Хамгийн сайн найзыгаа алдсан. Дотно хүмүүсээ алдсан. Үнэнийг хэлэхэд сэтгэл гутралд ороод жил гаруй явсан. Тэндээсээ өөрөө гарсан. Найзтайгаа хамт хийхээр зорьсон байсан олон зүйл байсан.  Одоо тэр хүн байхгүй болохоор ганцхан миний нуруун дээр ирсэн. Надад хичээхээс өөр сонголт байхгүй. Чадах л ёстой чадна.