Т.Болорхүү: “Flash” хамтлагийг анх байгуулахад хамтлагийн гишүүн байсан ч яг супер хит дуунуудынх нь ар талд байгаагүй

Т.Болорхүү: “Flash” хамтлагийг анх байгуулахад хамтлагийн гишүүн байсан ч яг супер хит дуунуудынх нь ар талд байгаагүй

ISee.mn сайтын Social ID контентын ээлжит зочноор 2005-аад оны үеийн “Flash” хамтлагийн гишүүн асан, уран бүтээлч JS Бобо буюу Т.Болорхүүг бид онцлон урьж, түүний сүүлийн жилүүдэд хэрхэн амьдарч байгаа талаар болон түүний шинэ цомгийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Үзэгч уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Түмэнбаярын Болорхүү гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Одоогоос 10-аад жилийн өмнө JS Бобо гэх нэрээр уран бүтээл хийдэг байсан ч одоо Seruntaij гэж шинэ нэр өгч, өөрчилсөн байгаа.

-Уран бүтээлээсээ завсарлага аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд юу хийж байв?

Уран бүтээлээсээ завсарлага аваад 10-аад жил болсон байна. Гэхдээ дунд нь мэдээж өөрийн сонирхлоороо дуу хөгжим сонсож, өөрийгөө хөгжүүлсээр байсан. Мөн энэ хугацаанд АНУ-д таван жил болсон. Дан дуу хөгжим гэхээсээ илүү ар гэр, амьдралаа босгож, хувийн асуудлаар гадагшаа явж их зүйл ч үзлээ. Одоо дахиж уран бүтээлээ эхлүүлж байгаад маш их баяртай байна. Уран бүтээлээсээ тодорхой хугацаанд холдчихоод эргээд ирж байгаа учраас үзэгчид та бүхэн маань бас зөөлөн хандаарай. Тэгээд өшөө сайжрах болноо гэж хэлье.

-“Flash” хамтлагийн гишүүн байсан шүү дээ. Тухайн үеийн сэтгэлд үлдсэн хөгжилтэй, дурсамжтай мөчөөсөө хуваалцахгүй юу?

-Би “Flash” хамтлагийг анх байгуулахад хамтлагийн гишүүн байсан. Гэхдээ яг супер хит болсон дуунуудынх нь ар талд бол байгаагүй. Тэр уран бүтээлүүд бол тухайн Flash хамтлагийн үндсэн гишүүдийн чадварлаг хийсэн уран бүтээлүүд. Тэрэнтэй бол ямар нэгэн холбоо үнэндээ байдаггүй. Зүгээр одоо хүртэл бид найзууд хэвээрээ. Дөнгөж сая Flash хамтлагийн тоглолт болсон тэрхүү тоглолтыг нь хөтөлсөн.

-Одоо шинэ уран бүтээл гаргаж байгаа гэсэн шүү дээ. Дахиж уран бүтээлээ хийхэд нөлөөлсөн зүйл юу байв? Цомгийнхоо тухайд ярихгүй юу?

Ер нь бол уран бүтээл маань миний үндсэн ажил бол биш. Би үндсэндээ ажлаа хийгээд одоо МУИС-д магистраа төгсөх гэж байгаа. Оюутан. Уран бүтээлээ бол жинхэнэ сонирхлоороо хийдэг. Шинэ уран бүтээлийн хувьд бол одоо дүрстэйгээ цацагдаж байгаа дуу анти систем цомгийн яг цомгийн нэртэй дуу байгаа. Энэ дууны клипыг өөрсдөө хийсэн. Манай Beezy гээд дүү голчилж ажилласан. Би өөрөө найруулга дээр ажилласан. Энэ дээр урднийх шигээ өөртөө хэцүү, шүүлтүүртэй ч юм уу дарамттай хандахаа больсон. Үнэхээр дуу хөгжимд хайртай учраас л дахин хийж байгаа.

-Тухайн үеийн болон одоогийн дуучид, уран бүтээлчдийн ялгаа хэрхэн харагдаж байна вэ?

Энэ дуу хөгжим гэдэг чинь хэзээ ч дахин давтагдашгүй тухайн хүний мэдрэмж дотоод мөн чанарыг илэрхийлдэг учраас яг л өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийгээд явж байна. Шинэ үеийн Монголын артистууд маш сайн болчихсон байна. Мөн шинэ залуу артистууддаа хандаж хэлэхэд бас аль болох Англиар дуулаад Олон улсдаа гарч ирэх, ядаж Азийнхаа орнуудад гарч ирэх энэ алсын мөрөөдөлтэй явахыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Манай Монгол улс чинь залуу орон. Залуучууд, хүүхдүүд ихтэй. Яг өөрсдийгөө ч олоогүй хүмүүс маш их учраас тэр шүтдэг уран бүтээлчдээсээ бас буруу үлгэр дуурайлал авчихвий дээ гэсэн тэр талаас нь болгоомжтой хандах хэрэгтэй байх. Бид хүндэлдэг ахаасаа үгийн сурчихдаг шд ээ тэ. Санаандгүй тэр үгийг нь хэлчихсэн явж байдаг шд ээ. Тийм учраас үлгэр дуурайлал талдаа болгоомжтой хандах хэрэгтэй л гэж боддог.

ҮЗЭХ: