"10 ихэр хүүхэд төрүүлсэн" гэж нөхрийгөө хуурсан Өмнөд Африк эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ

"10 ихэр хүүхэд төрүүлсэн" гэж нөхрийгөө хуурсан Өмнөд Африк эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ

Энэ сарын 10-ны өдөр Өмнөд Африкийн Госиаме Ситхоле гэх бүсгүй 10 ихэр хүүхэд төрүүлсэн талаар “BBC” тэргүүтэй олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл уг мэдээлэл худал болох нь шалгалтаар тогтоогджээ. 

Тухайн үед уг мэдээг анх нийтэлсэн орон нутгийн “Pretoria News” сонины сэтгүүлч Пит Рампеди өчигдөр/2021.06.23/ 10 ихэр хүүхэд төрснийг нягтлаагүй мэдээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Мөн Гаутенг мужийн ямар ч эмнэлэгт ихэр хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдээгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. 

Харин Госиаме Ситхоле бүсгүй  одоог хүртэл 10 ихэр хүүхэд төрүүлсэн гэж зүтгэсээр байгаа аж. Улмаар түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ.  

Орон нутгийн эрх баригчид 10 ихэр төрсөн гэх мэдээ гарсны дараа хосуудад "Thembisa 10" гэж нэрлэсэн 70 мянган ам.долларын хандив өгсөн юм. Мөн сайн дураар ч хандив өгсөн олон хүн байсан. Мэдээлэл худал болох нь батлагдсаны дараа мужийн дарга хандивын үйл ажиллагааг зогсоожээ. 

Харин Госиаме Ситхолегийн нөхөр энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлж, тухайн үед коронавирусийн хязгаарлалттай байсан учраас эмнэлэг рүү орж чадаагүй гэжээ. Цагдаагийн байгууллагаас Госиаме Ситхолег хандив авахын тулд худал ярьсан гэж сэжиглэн шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: BBC