М.Оюунчимэг: ЭМДЕГ-ын ажил хангалтгүй байна

М.Оюунчимэг: ЭМДЕГ-ын ажил хангалтгүй байна

УИХ-ын чуулганаар Ковидын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УИХ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч байхад шийдвэрүүд дунд шатандаа гацаж байна. Нэг хоногийн дотор нэг тэрбумын тендер зарласан. Дөрөв хоногийн дотор 3.6 тэрбумын тендер зарлагдсан. Тэгээд хэлэхээр хугацаагүй гэх юм. Ингэж болохгүй. Хяналтгүйг гишүүд шүүмжилж байгаа юм. Бүх зүйл зөв зарчмаараа явбал олон хүн нас барж, коронавирусээр өвчлөхгүй. Шуурхай ажиллахын тулд  хуулийг сунгах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ өмнөх мөнгөний зарцуулалтаа тайлагнаад дараагийн санхүүжилт рүү ордог байх ёстой.  НББХ-ны хурлаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонслоо. Хариуцлагагүй зүйл маш их байсан. Мөн урсгалаар гараад байна. Л.Бямбасүрэн дарга өөрөө ажлаа хийгээч. Тэгэхгүй бол дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүс хөрөнгийг урсгаад байгааг баримттай гаргаад байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМДЕГ-ыг шалгах ажлын хэсэг гаргасан гэсэн. Энэ ажлын хэсэг шударга ажиллаасай. НББХ үүнд хяналт тавина. Мөнгө огт эзэндээ хүрэхгүй байгаа учраас яриад байна. Тайлангаа тавь" гэсэн юм. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн түүний асуултад хариулахдаа "Эрүүл мэндийн даатгалын газар бие дааж шийдвэр гаргаагүй. ЭМЯ-аас Эрүүл мэндийн сайдын гарын үсэгтэй бичиг ирээд үүний дагуу бид нэг удаа тендер зарласан. Түүнээс нэг хоногт хийсэн нэг тэрбумын тендер, гурван тэрбумын тендер байхгүй. Үүнийг холбогдох газрууд нь шалгаасай гэж хүсэж байна" гэлээ.