СУРВАЛЖИЛГА: Монголын ноолуурыг Италид хүргэх жимийг татсан “Ханбогд Кашимер” хоёр дахь тээвэрлэлтээ хийлээ

СУРВАЛЖИЛГА: Монголын ноолуурыг Италид хүргэх жимийг татсан “Ханбогд Кашимер” хоёр дахь тээвэрлэлтээ хийлээ

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу энэ зургадугаар сарын 2-ны өдөр /2021.06.02/ Улаанбаатар хотоос Итали руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн Монголын ноолуур анх удаа газраар тээвэрлэсэн үйл явдал болсон. Тэгвэл тус ноолуурын тээвэр 20 хоногийн дараа буюу энэ зургадугаар сарын 22-ны өдөр Итали Улсад очсон талаар тус улсад суугаа манай элчин сайдын яамнаас мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр /2021.06.23/ “Ханбогд кашимер” компани ноолуураа Итали руу хоёр дахь удаагаа газраар амжилттай тээвэрлэлээ. Монголын ноос, ноолуурын салбарт шинэ дэвшил нээж Итали Улс руу Монголын ноос, ноолуурын салбарын жимийг татаж буй “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын ноос ноолуурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хатагтай Ч.Ганцэцэгтэй бид ярилцлаа.

-Сайн байна уу, хоёр долоо хоногийн өмнө танай компани Итали Улс руу 20 тонн ноолуурыг газраар тээвэрлэсэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр /2021.06.23/ тус улс руу хоёр дахь удаагийн тээвэрлэлтээ хийж байна. Энэ тухай бидэнтэй хуваалцахгүй юу?

-Манай компанийн хувьд Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг дэлхийн брэндүүдийн компаниудад чанарын шаардлага хангасан, самнасан ноолуурыг 20 гаруй жилийн турш хангаж ирсэн байна. Харин урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрдэг болоод байгаа нь маш бахархууштай зүйл юм. Маш олон улсыг дамжин экспорт хийдэг бөгөөд Болгарын компани бидэнд тээвэрлэлтийг хийж тусалж  ажиллаж байна. Өнөөдөр гэхэд Итали улс бидэнд итгэл хүлээлгэн дахин 20 тонн ноолуурыг газраар тээвэрлүүлж авахаар болсон.

-Ханбогд Кашимер” компаниа танилцуулахгүй юу бидэнд. Анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Үйл ажиллагааныхаа талаар дурдвал?

-Анх 1998 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогоор 400 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд бид Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгжийн нэг, самнасан ноолуурын шилдэг экспортлогчдын нэг болон найдвартай татвар төлөгчөөр шалгарч байсан. Мөн 2019 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан сүлжмэл үйлдвэрийг Итали, Япон, Герман улсад үйлдвэрлэсэн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог байгууллага юм.

-Хэрхэн яаж гадаадын компаниудтай холбогдож ноолуур экспортолдог болов? Танайд тавьдаг шаардлага нь юу юм бол?

-Анх манайх Итали улс руу нэг тонн ноолуур экспортолж байсан. Ер нь Европын талаас "Монгол ноолуурыг авъя дээжийг нь явуулаач" гэхэд манайх шууд л явуулдаг. Түүнээс хойш манай байгууллагын самнасан ноолуурыг чанартай гэж үзсэн учраас жилээс жилд авах тонн нэмэгдэж, бидэнд итгэл хүлээлгэн авч байгаа. Харин одоо хурдан шуурхай, найдвартай байх үүднээс газраар тээвэрлэж шат дамжлага нь ахисан үзүүлэлттэй байна.

- Гадаад руу гаргахад тулгардаг асуудал?

-Асуудал гэвэл экспортыг маш хурдан хугацаанд хийх хэрэгтэй байдаг. Иймд хурдан түргэн мөртлөө чанартай бараа явуулахын тулд ажилчдаа 24 цаг дайчлах шаардлага ч тулгардаг. Мөн одоо энэ Итали руу гаргаж байгаа  ноолуурын хувьд бол цагийн дотор л машиндаа ачаад шууд хөдлөх төлөвлөгөөтэй байгаа атал Мэргэжлийн хяналт болон мал эмнэлгийн бичиг авахад маш удаан хугацаа шаардагддаг тул хааяа эдгээр зүйлс дээр цаг хугацаа алдах асуудал гарч байна.

-Монгол ноолуурын онцлогийн тухайд?

-Монгол ноолуур бол хөнгөн, дулаан, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдгээрээ шагшигддаг. Европын тал, тэр тусмаа Итали улс бол дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргадаг гэдгээрээ онцлог тул манай улсаас бэлтгэн нийлүүлдэг энэхүү барааны хувьд бас л дээд зэрэглэлийг шаардаж, яг байгалийн, хөдөөний Дорж, Дулмаагийн хөдөлмөрийг үнэлж гаргадаг гэдгээрээ онцлог юм.

Ноолуур бол бусад барааг бодвол өртөг өндөртэй шүү дээ. Иймд бид нэг удаагийн экспортоор 2 сая гаруй долларын 20 тонн самнасан ноолуурыг гаргаж байгаа. Ноолуурын экспортоор бол Монгол улсдаа тэргүүлэгч экспортлогчоор ордог тул Монгол Улсын валютын нөөцөд ч ихээхэн хувь нэмэр оруулдаг гэдгээрээ онцлог юм уу даа. Мөн Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тухайн ноос ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилж харуулдаг гэсэн үг.

-Манай улс цаашдаа энэ чиглэлээр дэлхийн зах зээлд өрсөлдвөл хэр амжилттай явах бол?

-Манай улсын хувьд дахин нөхөн сэргээгдэхгүй уул уурхайгаар дагнах тал их ажиглагдаад байдаг. Иймд бид ноос ноолуур гэх малынхаа буянаар жил бүр гарч байдаг зүйл дээр тулгуурлан боломж бололцоондоо тааруулж, нөөцөө ашиглаж, дэлхийн зах зээлд өрсөлдөөсэй л гэж хүсэж байна. Монгол ноолуур бол дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хийхэд зориулагдсан бүтээгдэхүүн учраас Дэлхийн зах зээл дээр маш үнэ цэнэтэй болоод байна.

 -Танайх хэдэн салбар дэлгүүрүүдтэй вэ? Хаана байрладаг вэ?

-Дотооддоо манайх нийт таван дэлгүүртэй. Дотоодын борлуулалт муу байдаг тул гадаад руу экспортлохдоо голдуу анхаарч ажилладаг. Салбарын хувьд Поларис их дэлгүүр, Хүннү хороолол, Наран их дэлгүүр, Улсын их дэлгүүр, мөн Баян-Өлгий аймагт тус тус байрлаж байгаа.

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн экспорт, зорилго нууц биш бол?

-Энэ долдугаар сард бид Англи улс руу мөн газраар 20 тонн ноолуур гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Европын тал итгэл хүлээлгэн авсаар байвал цаашид биднийг сонгон авах компаниуд ч ихээр нэмэгдэж ажиллах болов уу гэж бодож байна. Монголынхоо ноолуурын дээд зэрэглэлийн гэж үнэлүүлж хүлээн зөвшөөрөгдөж ажиллах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Мөн чанараа алдахгүй энэ эрчээрээ ажиллах л зорилготой байна даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.