НЬЮ ЙОРК ТАЙМС: Ард түмэндээ “КОВИДГҮЙ ЗУН"-ыг амласан Монголын Засгийн газар халдварын эсрэг тэмцэж байна

НЬЮ ЙОРК ТАЙМС: Ард түмэндээ “КОВИДГҮЙ ЗУН"-ыг амласан Монголын Засгийн газар халдварын эсрэг тэмцэж байна

АНУ-ын “Нью Йорк Таймс” /New York Times/ сонины албан ёсны сайтад "Тэд Хятадын вакцинд найдсан. Одоо дэгдэлттэй тэмцэж байна” гэх нийтлэл гарчээ. Уг нийтлэлд хүн амын дийлэнх хувиа БНХАУ-ын вакцинаар дархлаажуулсан орнуудад/Монгол, Бахрейн, Сейшелийн арлууд/ халдвар дахин тархаж буй талаар өгүүлсэн байна. Уг нийтлэлийг орчуулан хүргэе. 

-ХҮН АМАА АМЖИЛТТАЙ ДАРХЛААЖУУЛСАН ОРНУУДАД ХАЛДВАР ЯАГААД НЭМЭГДЭЖ БУЙД ЭРДЭМТЭД ТАЙЛБАР ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газар ард түмэндээ “КОВИД-гүй зун”-ыг амласан. Бахрейн иргэддээ "хэвийн амьдралдаа эргэж ирнэ" гэж хэлсэн. Сейшелийн арлын жижиг улс “эдийн засгаа сэргээх” зорилго тавьж байв. Гэвч эдгээр гурван орон одоо халдварын эсрэг тэмцэж байна.

БНХАУ өнгөрсөн жил вакцины дипломат кампанит ажлаа эхлүүлж, өөрсдийнх нь вакцин COVID-19-ийн халдвараас хамгаалж чадна гэж амлаж байв. Одоо хэд хэдэн орны жишээнээс харахад Хятадын вакцин вирусийн тархалт, ялангуяа коронавирусийн шинэ мутацилагдсан хувилбаруудаас сэргийлэхэд төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна.

Сейшелийн арлууд, Чили, Бахрейн, Монгол улсууд нийт хүн амынхаа 50-68 хувийг бүрэн дархлаажуулж АНУ-ыг “гүйцэж, түрүүлсэн” талаар манай судалгаа шинжилгээний “Our World In Data” мэдээлж байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдол хамгийн их бүртгэгдсэн 10 орны тоонд эдгээр дөрвөн орон оржээ. Уг дөрвөн орон бүгд БНХАУ-ын “Синофарм” болон “Синовак” вакциныг ашиглаж буй.

Хонконгийн Их сургуулийн вирус шинжээч Жин Донян энэ талаар “Хэрвээ вакцин хангалттай сайн байсан бол ийм зүйл болохгүй байсан” гэж хэлэв.

Хүн амын дархлаажуулалтаа амжилттай зохион байгуулсан зарим оронд халдварын тархалт нэмэгдэж буйд эрдэмтэд тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Үүнд шинэ мутацийн тархалт, хөл хорионы дараах хайхрамжгүй байдал, хэтэрхий “зөөлөн” хязгаарлалтууд нөлөөлсөн байж болзошгүй.

 -НИЙТ ХҮН АМЫНХАА 52 ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСАН МОНГОЛ УЛСАД ШИНЭЭР БҮРТГЭГДЭХ ХАЛДВАРЫН ТОО ӨМНӨХ САРААС 4 ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

АНУ-д нийт хүн амын 45 орчим хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд иргэд ихэвчлэн “Pfizer-BioNTech”, “Moderna”-ийн вакцин хийлгэсэн. Вакцинжуулалт эхэлснээс зургаан сарын дараа АНУ-д шинээр бүртгэгдэх халдварын тоо 94 хувиар буурчээ.

Израил улс хүн амын дийлэнх хувиа “Pfizer”-аар дархлаажуулсан бөгөөд вакцинжуулалтын түвшингээрэээ Сейшелийн арлуудын дараа хоёрдугаарт бичигдэж байв. Одоо тус улсад нэг сая хүн тутамд ногдох халдвар тоо 4,95 байна. Харин Синофарм вакцинаар иргэдээ дархлаажуулсан Сейшелийн арлуудад нэг сая хүн тутамд ногдох халдварын тоо 716 байна.

Дээрх жишээнээс харвал цар тахлын үед улс орнуудыг гурав ангилж болохоор байна.

  1. Өөрсдийн нөөцөө ашиглан Pfizer-BioNTech, Moderna вакцин хийж буй чинээлэг орнууд
  2. Дархлаажуулалтаас хол ядуу буурай орнууд
  3. Хүн амын дийлэнх хэсгээ вакцинжуулсан ч хэсэг бүлэг иргэд нь л хамгаалагдаж чадсан орнууд. Хятад мөн тус улсын вакциныг ашиглаж буй 90 гаруй улс гурав дахь бүлэгт багтаж байна.

Улс орнууд вакцины төлөө “өрсөлдөж” байхад Монгол Улс “Синофарм” үйлдвэрийн вакцины хэдэн сая тунг авч чадсан нь үсрэнгүй амжилт байв. Тус улс тарилгын хөтөлбөрөө богино хугацаанд хэрэгжүүлж, цар тахлын хязгаарлалтуудаа бууруулсан. Одоо нийт хүн амынхаа 52 хувийг вакцинжуулаад байна. Гэвч энэ долоо хоногийн ням гараг/2021.06.20/ гэхэд шинээр бүртгэгдсэн халдварын тоо өмнө сарынхаас дөрөв дахин нэмэгджээ.

Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ Монголд саяхан гарсан дэгдэлт болон вакцин хоорондоо ямар нэг холбоогүй болохыг дурдав. Түүнчлэн зарим улс орны вакцинжуулалт ирээдүйд гарах шинэ дэгдэлтээс хангалттай хамгаалах хэмжээнд хүрээгүй учраас хязгаарлалтын дэглэмээ үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн ДЭМБ-ын мэдэгдлээс иш татаж өөрсдийн вакцин нь халдвар тусахаас урьдчилан сэргийлэхэд бус халдвар авсны дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд илүү чиглэж байгааг онцолжээ.

Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв өмнө нь сүргийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70 хувиа вакцинжуулах шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч даваа гарагт тус төвийн нийгмийн эрүүл мэндийн судлаач Шао Йиминг хэлэхдээ, сүргийн дархлааг бий болгохын тулд “Хятад улс хүн амынхаа 80-85 хувийг бүрэн вакцинжуулах шаардлагатай байна” гэсэн юм. Бид “Синофарм”-аас албан ёсны тайлбар авах хүсэлт илгээсэн боловч хариу өгөөгүй байна.

Мэдээллийг эх сурвалжаас уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Төлбөргүй сайтаас уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: New York Times