ОХУ-ын вакцинжуулалтын гэрчилгээ нэг жилийн хүчинтэй

ОХУ-ын вакцинжуулалтын гэрчилгээ нэг жилийн хүчинтэй

ОХУ-ын Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова вакцины гэрчилгээтэй холбоотой мэдээллийг “Москва” агентлагт өгчээ. 

Түүний хэлснээр коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн хүн бүрт вакцины гэрчилгээ олгогдох бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Харин халдвар авч эдгэрсэн хүмүүст олгогдох гэрчилгээ нь зургаан сарын хугацаанд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, гэрчилгээ хүчинтэй хугацаанд олон нийтийн газруудаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.  

Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн “Дельта” хувилбараар өвчилсөн тохиолдол нэмэгдэж байгаа учраас зургадугаар сарын 28-аас эхлэн тодорхой хязгаарлалтуудыг тогтоохоор болсон. Тодруулбал, кафе, ресторан гэх мэт халдвар тархах эрсдэлтэй олон нийтийн үйлчилгээний газрууд зөвхөн вакцины гэрчилгээтэй хүмүүст үйлчилнэ. Халдвар аваагүй хүмүүс PCR шинжилгээний бичгээ үзүүлж үйлчлүүлж болох ч энэ нь 72 цагийн хугацаанд хүчинтэй байх юм. 

Эх сурвалж: Лента.ру