ЗАСГИЙН ГАЗАР: Улсын наадмыг цахимаар хийх шийдвэрийг гаргажээ

ЗАСГИЙН ГАЗАР: Улсын наадмыг цахимаар хийх шийдвэрийг гаргажээ

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын баяр наадам зохион байгуулах комисс өчигдөр /2021.06.22/ хуралдаад “Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам”-ыг хийх эсэх талаараа тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, тус комисс Улсын баяр наадмыг зөвхөн нийслэлд хийж, иргэд цахимаар үзэх, эсвэл улс, аймаг, сумын бүх наадмуудыг хойшлуулах, мөн бүр мөсөн цуцлах гэсэн гурван хувилбар ярьсан нь тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, өнөөдөр /2021.06.23/ хуралдах Засгийн газрын хуралдаанаар “нэг тийш нь шийдүүлсэн, шийдвэр гаргуулая” гээд тарсан. Учир нь долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим асуудлуудыг шийдвэрлэдэг билээ. Цахим наадмыг явуулах эсвэл найм, есдүгээр сар хүртэл хойшлуулж сум, аймаг, улсын наадмыг хамтад нь намар хийе гэх хувилбар яригдаж байсан. 

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас улсын наадмыг цахимаар хийхээр эцэслэн шийдвэрлэжээ. Харин аймаг, сумдын наадмыг халдварын тархалтын нөхцөл байдлыг харж байгаад УОК, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн долдугаар сарын 20-ны өдрөөс хойш хийх чиглэлд дэмжиж ажиллана гэж мэдэгдлээ.