УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг эрүүгийн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж буй тухай мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгджээ. Тодруулбал, түүнийг Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж ийнхүү шалгаж байгаа гэсэн байна. 

Түүнтэй хамт Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, эмч н.Юмчинсүрэн, Ерөнхий нягтлан бодогч н.Дэнсмаа нарыг шалгаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тус эмнэлгийн зарим эмч нараас мэдүүлэг, байцаалт авч, мөрдөн шалгах ажлуудыг хийж эхэлсэн байз болзошгүй байна.

Түүнчлэн, өмнө нь хэвлэлүүдээр гарч байсан “Санчир ундрах” компанитай холбоотой асуудал ч шалгагдаж байгаа гэж байна.

Ж.Чинбүрэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ч одоо ч тус эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдог өөрийн дотны найз Н.Эрдэнэхүүг даргаар томилчхоод хамаг ажлаа амжуулдаг тухай хэл ам одоог хүртэл тасрахгүй байгаа юм. Дурдвал, Хавдар судлалын үндэсний төвийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар “ажиллаж” байгаа.

Мөн Ж.Чинбүрэн өөрийн хувийн эмнэлэг болох “Медпортал” эмнэлгээ тус эмнэлгийн зүүн жигүүрт байрлуулсан.

Тэгээд  гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тайлан нь алдагдалтай гарсаар байгаа. Бас хувийнхаа ангиографи аппаратыг ХСҮТ-ийн ангиографийн хажууд давхар байрлуулж, үзлэг хийдэг. Үүнээс гадна Ж.Чинбүрэнгийн жолооч Я-ы нэр дээрх компани эмнэлгийн засвар, аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Жолооч Я-ы эхнэр Э нь саяхан ХСҮТ-ийн Аж ахуйн албаны даргаар томилогдсон гэжээ. Өөрийн жолоочийн нэр дээр компани байгуулаад ХСҮТ-ийн засварын ажлыг амжуулдаг байж болзошгүй гэх хардлага зарим хүмүүст байгаа аж.