БИДНИЙ ТУХАЙ: Монголын Өмнөговь аймгийн хүүхдүүдийн цус, үс, шээснээс мөнгөн ус, хүнцэл их хэмжээгээр илэрч байна

БИДНИЙ ТУХАЙ: Монголын Өмнөговь аймгийн хүүхдүүдийн цус, үс, шээснээс мөнгөн ус, хүнцэл их хэмжээгээр илэрч байна

БНСУ-ын Дон-А их сургуулийн Хүнд металл хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвөөс өчигдөр /2021.06.22/  Монголын говийн уул уурхайн бүсэд амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын талаарх судалгааг Олон улсын мэргэжлийн болон хүрээлэн буй орчны анагаах ухааны сэтгүүлд /Annals of Occupational and Environment Medicine/ хэвлүүлсэн гэдгээ мэдэгдлээ.

Уг судалгааны зорилго нь уул уурхайн бүсэд амьдардаг хүүхдүүдийн биед хүнд металлын улмаас ямар нэгэн сөрөг нөлөө гарч буй эсэх, хүүхдүүдэд хүнд металл хэрхэн нөлөөлж буйг тогтоох юм. Судалгааны хүрээнд Монголын өмнөд говийн уул уурхайн бүсэд /Цогтцэций, Ханбогд, Баяндалай/ амьдардаг хүүхдүүдийн цусан дахь кадми, хар тугалга, мөнгөн усны түвшин болон шээсэнд агуулагдаж буй хүнцлийн концентрацийг хэмжиж хордлогын түвшинг тогтоожээ.

Ингэхэд Баяндалай суманд амьдардаг хүүхдүүдийн цус болон үснээс мөнгөн ус их хэмжээгээр илэрсэн байна.  Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь уурхайн үйл ажиллагаа гэж үзжээ. Мөн хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы концентраци өндөр гарсан байна.

Гэхдээ үүнд уурхайн үйл ажиллагаанаас гадна бусад хүчин зүйл ч нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн Ханбогд орчимд амьдардаг хүүхдүүдийн шээсэн дэх хүнцлийн агууламж өндөр гарчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлийг уурхайн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

Судалгаа хийсэн сумууд. News.mt

Судалгааг удирдан хийсэн Хүнд металл хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвийн захирал Хун Ян-Сеоп “Судалгааны үр дүнг оршин суугчдад танилцуулж, хүнд металлд байнга өртөх нь ямар хор хөнөөлтэйг цаашид ойлгоход туслах болно” гэжээ.

Судалгааг БНСУ-ын Байгаль орчны яамнаас томилсон Дон-А их сургуулийн Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвөөс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны төв оролцсон юм.  

Тэд судалгааны дүгнэлт хэсэгт “Эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг Монголын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн нь зэс, алт, төмрийн хүдэр, молибдены баяжмал, хайлуур жонш, нүүрс юм. Гэвч Монгол Улсын уул уурхайн бүсэд хүрээлэн буй орчны эрүүл мэндийн үнэлгээний системчилсэн удирдлага хангалтгүй байна” гэж бичжээ.

Эх сурвалж: News.mt, Busan, CNBnews