ЛАНСЕТ: “Спутник V” вакцины туршилтын үр дүн эргэлзээтэй, мэдээлэл нь бүрэн бус байна

ЛАНСЕТ: “Спутник V” вакцины туршилтын үр дүн эргэлзээтэй, мэдээлэл нь бүрэн бус байна

Шинжлэх ухааны “Лансет”/Lancet/ сэтгүүлд хэд хэдэн орны эпидемиологич, биологичид ОХУ-ын “Спутник V” вакцины гуравдугаар шатны эмнэл зүйн туршилтын үр дүн эргэлзээтэй, мэдээлэл нь бүрэн бус байгаа талаар энэ сарын 12-нд өгүүлэл нийтлүүлжээ.

Өмнө нь уг судалгаанд оролцсон эрдэмтдийн зарим нь “Спутник”-ийн нэг, хоёрдугаар шатны туршилтын үр дүнд эргэлзэж байгаагаа мэдэгдэж байсан юм. ОХУ-ын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн вакциныг вирусийн эсрэг 91 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаарх судалгааг танилцуулсан. Харин олон улсын судлаачдын зүгээс тэдний танилцуулсан  өгөгдөлд маш олон тодорхойгүй, зөрчилдөөнтэй зүйлс байгаа талаар бичжээ.

Тодруулбал, ОХУ-ын эрдэмтдийн танилцуулсан албан ёсны судалгаанд вакцины үр нөлөөг насны бүлгээр ангилахдаа:

  • 18-30 насны бүлэгт 91, 9 хувь
  • 31-40 насны бүлэгт 90 хувь
  • 41-50 насны бүлэгт 91,3 хувь
  • 51-60 насны бүлэгт 92,7 хувь
  • 60-аас дээш насныханд 91,8 хувь гэж тодорхойлжээ. Ийнхүү вакцин бараг бүх насныханд ижил үр дүнтэй үйлчилж байна гэж судалгааны тайланд дурдсан нь сэжиг төрүүлж байгаа бөгөөд дахин шалгах хэрэгтэй гэж тэд “Лансет” сэтгүүлд бичсэн байна.

Мөн хэд хэдэн туршилтын өгөгдөл хэвлэгдээгүй учраас үр дүнг бодитойгоор үнэлэх боломжгүй байгаа аж. Тиймээс нарийвчлан судалгаа хийхийн тулд вакцины клиник туршилтын талаарх анхан шатны мэдээллийг нээлттэй болгох, өгөгдлийн сан руу нэвтрэх хүсэлтийг судалгаанд оролцсон эрдэмтэд Оросын талд тавьжээ. 

Бразилын үндэсний ариун цэврийн хяналтын газар (Анвиса) дээрх судалгаатай төстэй дүгнэлтэд хүрснээ саяхан мэдэгдсэн. Тус газрын мэргэжилтнүүд ОХУ-ын вакцины аюулгүй байдал, чанар, үр нөлөөг баталгаажуулсан мэдээлэл дутмаг байгаагийн зэрэгцээ “вакцинд агуулагдах бодис ноцтой гажиг” үүсгэж болзошгүй гэжээ.

Бразилын Үндэсний биологи, эмнэлгийн бүтээгдэхүүний дарга Густаво Мендес “Спутник вакцины найрлагад нөхөн үржих боломжтой аденовирүс агуулагдаж байгаа нь хамгийн том эрсдэл дагуулж байна” хэмээн мэдэгдсэн нь үүнтэй холбоотой юм.

Одоогоор “Спутник V” вакциныг дэлхийн 50 гаруй орон бүртгээд байна. Эдгээрийн дотор манай улс ч багтаж буй. Европын холбооноос зөвхөн Унгар улс л “Спутник” вакциныг хэрэглэж байгаа бол холбооны хэд хэдэн орон вакциныг хэрэглэхээр /ЕХ-оос/ зөвшөөрөл хүсжээ. Харин Европын Холбооны Эмийн агентлаг “Спутник”-ийг бүртгэн авах судалгааг хийсээр байна.

“Lancet” сэтгүүлд уг өгүүлэл хэвлэгдсэний дараа Оросын талаас “Манай вакцины аюулгүй байдал, туршилтын үйл явц олон тооны судалгаагаар батлагдсан” хэмээн мэдэгдэж, шаардлагатай өгөгдлийг нээлттэй болгоогүй гэсэн асуудлыг няцаажээ. Түүнчлэн ОХУ-ын эрх баригчид Спутникийн эсрэг төлөвлөгөөт  кампанит ажил явуулж байна гэж мэдэгдэн, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийг үүнд оролцсон гэж буруутгасан юм.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө