Б.Мэргэн: С.Зоригийн хэрэг замхарч дахин нууцад орж байна

Б.Мэргэн: С.Зоригийн хэрэг замхарч дахин нууцад орж байна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсож, таван жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнгөрсөн баасан гаригт /2021.05/ батлан даалтад гаргасан. Тодруулбал, шинээр нөхцөл байдал илэрсэн гэх прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүх дээрх асуудлыг хаалттай хянан хэлэлцээд тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан юм. Дээд шүүхээс гаргасан уг шийдвэртэй холбоотойгоор бид хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй холбогдож зарим асуудлыг тодрууллаа. Түүний хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ял эдэлж буй Б.Хурц нарын өмгөөлөгчөөр ажилласан билээ.

СОНСОХ:

-АРАЙ  Ч  СУЛЛАЧИХНА ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ-

-Дээд шүүхийн шийдвэрийн талаар хуульчийнхаа тухайд ямар байр, суурийг илэрхийлэх вэ. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэргийг нэмэлт, мөрдөн байцаалтад буцааснаар нөхцөл, байдал сууриараа эргэх нь тодорхой боллоо. Ер нь шүүх ийм шийдвэр гаргах нь хэр хуульд нийцсэн бэ?  

-Хүмүүс андуурдаг юм. Эрүүдэн шүүсэн болон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг тусдаа. Гэхдээ яахав, үйл явдал нь нэг учраас хэргийн материал хооронд давхацдаг зүйл олон. Энэ утгаараа би С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээс манай хэрэг рүү оруулсан нэлээн их материалын хүрээнд тодорхой мэдээлэлтэй байна. Гэхдээ энэ нь төрийн нууц учраас ярьж болохгүй. Үүнийг хэлж буй учир нь олон нийт уг хоёр хэргийг нэг мэт ойлгож  намайг аль, алинд нь ажиллаж буй мэтээр асуудаг. Өнөөдрийн шийдсэн хэрэгтэй би ямар ч холбоогүй, мэдэхгүй.

Харин үйл явц яаж өрнөж буй гэдэгт хуульчийнхаа хувьд ажлын онцлогоор харж, дүгнэлт хийж байна. Эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж дууссаны дараа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг задалж, буцаах зорилготой байсан нь маш ойлгомжтой байсан. Өнөөдрийн шийдвэрийг харахад хоёр жилийн эцэст яг л тэр зорилгодоо хүрч байна. Эрүүдэн шүүж болохгүй. Энэ хаана ч, хэзээ ч байж болохгүй, хэн ч дэмжихгүй. Эрүүдэн шүүсэн байна уу, үгүй юу гэдэг нь бичлэгээр нотлогдож буй учир “Эрүүдэн шүүгээгүй” гэж маргахгүй, ойлгомжтой. Гэхдээ хэн эрүүдэн шүүв. Хэн гүйцэтгэв, Ямар шийдвэрээр эрүүдэн шүүв гэдэг нь тусдаа  асуудал.

Энэ утгаараа миний үйлчлүүлэгч нар буруугүй гэж би ярьдаг. Түүнээс  биш анхнаасаа “Эрүүдэн шүүсэн нь зөв, шүүгээ л биз” гэж яриагүй. Нэгэнт эрүүдэн шүүсэн гэж буй бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзээд олж авсан нотлох баримтуудыг хүчингүй болгох ёстой. Магадгүй нотлох баримтыг хасч байх явцад бусад нотлох баримтад үндэслэн шийдэж болно. Эсвэл нотлох баримтуудыг хассанаар уг хэргийг бүрэн, дүүрэн шийдэх боломжгүй гэж үзэж буй бол дахин нэмэлт нотлох баримтууд цуглуулахын тулд хэргийг прокурорт буцаах боломж бий. Миний хувьд шүүх шийдэнгүүтээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргаж өгөөд суллачихна гэж төсөөлөлгүй байлаа.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаж сулласан нь эрсдэлтэй. Тухайлбал, уг хэргийн захиалагч илрээгүй байхад тэдний амь насанд аюул учирч магадгүй гэж зарим хуульчид байр, сууриа  илэрхийлж  байна. Таны төсөөлөл ч үүнтэй холбогдож  байна уу?

-Учир нь энэ хэргийг өнгөрсөн 20 жилд шалгасан. Ээдрээ, төвөгтэй. Уг хэргийг үйлдсэн хүмүүс нь 20 жилийн ял аваад түүнийхээ тав орчмыг эдэлчихээд гарч ирсэн бол цагдан хорьж байгаад шалгах байх гэж харж байсан. Өөрөөр хэлбэл, шалгах явцад бусдын болон өөрийнхөө амь насанд аюул учруулах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Ер нь цагдан хорьж шалгах дөрвөн үндэслэл байдаг.

  • Нэгдүгээрт, оргон зайлсан, оргон зайлахыг завдсан.
  • Хоёрдугаарт, шүүгч, прокурор, мөрдөгч болон бусдын, өөрийн амь насанд аюул учруулж магадгүй.
  • Гуравдугаарт, нотлох баримтуудыг устгах, зөөх, нуун дарагдуулах үйлдэл гаргаж  магадгүй. Гэмт хэрэг дахин үйлдэж магадгүй.
  • Дөрөвдүгээрт, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн буюу хувийн баталгаа гаргачхаад байхад цагдаа, шүүхээс дуудахад ирэхгүй байх гэх юм уу ийм дөрвөн нөхцөлд цагдан хорьдог.

Дээрх хүмүүс буцаж шоронд орж магадгүй гэх үндэслэлээр оргон зайлах вий гэх үндэслэл бий. Үгүй юм гэхэд асуудлаасаа болоод амь насаа алдах вий. Цаашлаад уг хэрэг дээр ганц нэг биш нэлээн олон гэрч бий. Тэр гэрчүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах вий гэдэг нөхцөл байдал бий  учраас уг хэргийг прокурорт очсоны дараа шийдэх байх гэж ойлгож байсан. Дээрх үндэслэлүүдийг прокурор гаргаж ирж цагдаагийн шатанд шалгагдах магадлалтай учраас тэр үед нь шийдсэн нь зөв болох байсан болов уу гэж харж байлаа. Гэтэл сулласан. Маш яаралтай суллах үндэслэл байсан юм байлгүй л гэж харж байна.

Шүүхээс прокурор руу хэргийг буцааж буй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үү эсвэл прокурорт очсоны дараа тухайн прокуророос шийдэх үү гэдгийг шүүх шийдэх бүрэн эрхтэй. Шууд өөрчлөөд өнөөдрийнх шиг суллах эрх нь ч бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд гарч буй шийдвэрээс харахад нийтлэгээрээ хэрэг прокурорт очсоны дараа прокурорын зүгээс уг асуудлыг шийд гэдэг байдлаар буцааж байсан. Өнөөдрийн хувьд шүүхээс суллаж байна. Яагаад прокурор шийд гэдэг вэ гэхээр дээр хэлсэн оргон зайлах ч юм уу өөр  бусад үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг шүүх нотолж  чадахгүй гэж үздэг. Тиймээс дийлэнхдээ прокурорт очсоны дараа шийд гэсэн шийдвэрийг гаргадаг.

-ТӨРИЙН НУУЦАД ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙСАН Ч УГ ХЭРЭГ ХААГДМАЛ БОЛЖ БАЙНА. ДАХИН ХЭДЭН ЖИЛ УГ ХЭРГЭЭР УЛС ТӨР ХИЙХИЙГ МЭДЭХГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ РУУ ОРЛОО-

-С.Зоригийн хэргийг Засгийн газрын шийдвэрээр нууцаас гаргаж ил болгосон. Гэтэл өнөөдөр шүүхээс дээрх шийдвэрийг гаргаснаар хэрэг буцаад нууцын зэрэгт орчихлоо гэж та хэлсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Бөөн асуудал болсны эцэст арай хийж Засгийн газрын тогтоолоор ил болсон. Төрийн нууцад байсан шүү дээ. Төрийн нууцад оруулсан зорилго нь нэгэнтээ болчихсон. Гэмт хэрэгтнүүд гурван шатны шүүхээс ял авчихсан. Нөгөөтэйгүүр төрийн нууцад 20 жилийн хугацаатай байлгадаг. 20 жил нь болчихсон. Тэгэхээр зорилгодоо хүрсэн учраас ил болгох ёстой гэсэн хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь удаа дараа өгсний үндсэн дээр ил болсон. Улс  төрчид уг хэргийг 20, 30 жил өөрсдийн хоол болголоо. Илрүүлнэ гэж Их хурлын гишүүн боллоо. Нам хүртэл яллаа. Ингэж улс орон, ард иргэдийг талцуулж явж ирсний дүнд арай хийж ил болгосон. Одоо нээлттэй сонсгол хийх ёстой.

Уг хэрэг ил болоод хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд хэн, хаанаас тэр материалыг харах нь ямар ч тодорхойгүй байна. Улс төрчид нь өөрсдийн хүссэнээр яриад явж байна. Ц.Нямдорж гэдэг хүн Өдрийн сонинд хоёр нүүр дүүрэн ярилцлага өгсөн. Тухайн ярилцлагадаа он, сар, өдөртэй нь бүгдийг нь маш нарийвчлалтай бичсэн. Тэгэхээр энэ хүн уншсан байж л тэгэж бичнэ. Уншаагүй хүн тэр мэдээллийг авахгүй. За ингээд тэр хүн уншаад танилцсан юм байна. Бусад нь уншиж болохгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад уншуулах гэж ил болгосон юм уу хаашаа юм. УИХ-аас 22 гишүүний гарын үсэгтэй  нээлттэй сонсгол хийхээр болсон.

Нээлттэй сонсголтой холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс руу  УИХ-аас “Уг хэргийг уншаад дүгнэлт гаргаж өгөөч. Хүний эрхийг зөрчсөн байна уу” гэсэн бичиг явуулсан. Тэгэхэд Хүний эрхийн үндэсний комиссоос “Уг хэрэг нууц учраас дүгнэлт гаргах боломжгүй” гэж байсан. Одоо ил болсон учраас Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлтээ гаргаад хөндлөнгийн шинжээчид, ТББ-ын төлөөлөл, хуульчдыг оруулаад нээлттэй сонсголыг хийх хэрэгтэй шүү дээ. Нэг талдаа гарах боломжтой байсан. Гэтэл нээлттэй сонсгол хийж амжаагүй байтал хэргийг прокурор уу буцчихлаа. Буцсан нь уг хэрэг хаагдмал болно гэсэн үг.

Уг хэргийг төрийн нууц руу буцаагаад оруулахгүй байж магадгүй. Гэхдээ энэ чинь хэргийн нууц. Төрийн нууцад оруулахгүй байсан ч хэргийн нууц. Хулгайн ба хүмүүс хоорондоо зодолдсон хэргийг  шалгах явцад өмгөөлөгчид л тодорхой процессын талаар ярих эрх байдаг. Шалгах явцад хөндлөнгөөс нөлөөлөх вий гэдэг үүднээс бүх л хэргүүд нууцлалтайгаар шалгагддаг. Тэгэхээр одоо С.Зоригийн хэргийн талаар нээлттэй сонсгол хийх болон бусад асуудал худал боллоо. Өмнөх 20 жил шиг дахин хэдэн жил ч уг хэргийг ашиглаж улс төрийн тоглоом хийх, нэр хүндээс өсгөх нь мэдэгдэхгүй нөхцөл, байдал руу орж байна. Дахиад л замхарлаа.

-Батлан даалтад гаргахад хилийн хориг тавьдаг. Гэтэл Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилийн хориг тавиагүй байна. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Таслан сэргийлэх арга хэмжээ учраас тодорхой хязгаарлалт тавьдаг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд хувийн баталгаа гаргаж батлан даалтад гаргасан байна. Хувийн баталгаанд гэрийн хаяг, утасны дугаар, дуудсан цаг хугацаанд цагдаа, прокурорын байгууллагад ирж бүртгүүлэх үйл явц ордог. Үүнийг зөрчвөл цагдан хорихоор сольдог. Би бодохдоо цагдан хорьдоггүй юм аа гэхэд ядаж тодорхой хязгаарлалт тавих ёстой юм биш үү гэж гайхаж байна. Учир нь ийм ноцтой хэрэгт шалгагдаж буй хүмүүс цагдаа дуудсан үед очно гэх баталгаа байх уу. Оргон зайлж магадгүй үндэслэл гарвал яах уу. Хил нээгдвэл гадагшаа гарвал яах уу. Тэгээд л замхарна. Тэгэхээр ядаж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан юм биш үү гэж гайхаж байна. Ер нь шүүх заавал прокурор руу буцаах албагүй. Дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж болох байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэгт шүүгч авилга авч нөлөөнд автах ч юм уу хууль бус байдлаар хэргийг шийдсэн байна гэж үзэж буй бол шүүгчийг нь солиод анхан шат руу буцаах боломжтой.

Эрүүдэн шүүсэн гэх нотлох баримтуудыг хасаад, одоо байгаа нотлох баримтынхаа хүрээнд шийдэх боломжтой гэж би хувьдаа ойлгоод байна. Учир нь хэрэгт хяналт тавьсан прокурор нь  сүүлд телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Яг эрүүдэн шүүсэн үйл явдал болсноос хойш ер нь нотлох баримт цуглуулаагүй. Т.Чимгээ нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй” гэж хэлсэн. Энэ үнэн бол эрүүдэн шүүснээс хойш өөр нотлох баримт бүрдүүлээгүй юм байна. Байсан ч нотлох баримтуудын багахан хэсэг нь юм байна. Тэгэхээр бусад байгаа нотлох баримтуудад үндэслээд хэргийг шийдэх боломжтой байсан юм биш үү. Хэрвээ тийм бол заавал прокурор руу буцаахгүйгээр анхан шатны шүүх рүү буцаагаад хэлэлцүүлэх боломжтой байсан гэж бодож байна.

-Таны үйлчлүүлэгчийн нөхцөл байдалд яаж нөлөөлөх вэ. Нэгэнтээ хууль үйлчилсэн байгаа шүү дээ?

-Улсын дээд шүүхээс эцэслэн шийдсэн учраас яг одоогийн байдлаар нөхцөл байдал өөрчлөгдөх боломжгүй байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэгтэй адилаар шинээр илэрсэн нөхцөл байдал үүсдэггүй л юм бол өөрөөр боломжгүй. Магадгүй 5, 10, 20 жилийн дараа уг хэргийг шийдэхэд хөндлөнгийн нөлөөлөл байсан юм байна гэдэг нь тогтоогдохыг үгүйсгэхгүй. Тэр үед энэ хүмүүс аль хэдийн ялаа эдлээд дууссан байх боловч цагаатгах хүсэлтүүдээ гаргаад явах байх. Ер нь хэдэн жилийн дараа тийм юм руу орно гэсэн төсөөлөлтэй байдаг.

Учир нь би уг хэргийг шударгаар шийдсэн гэж одоог хүртэл боддоггүй. Ганцхан жишээ хэлэхэд, 2020 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Хуулийг буцаан хэрэглэж буй асуудал нь Үндсэн хууль зөрчсөн юм байна” гэх үндэслэлээр тус хуулийг бүхэлд нь Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн. Түүнийг нь УИХ хүлээж аваагүй. Хүлээж аваагүй учраас Цэцийн Их суудлын хуралдаан болох ёстой. Гэтэл хуралдахгүй 5-6 сар болж байна. Хэзээ болох юм бүү мэд. Тухайн үед хэрэглэх гэж буй хуулиар Цэц дээр маргаан үүссэн тохиолдолд уг хэргийг шийдэхгүйгээр түдгэлзүүлнэ гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл, манай хэрэг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж эцэслэн шийдэх хүртэл түдгэлзэх байсан. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан.

Гэтэл шинээр хууль зохиож байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь хамаарахгүйгээр ял өгсөн. Үндсэн хууль зөрчсөн хуулиар хүнийг яллаж болохгүй биз дээ. Тэгэхээр манай хэрэг түдгэлзэх байсан. Шүүх.мн рүү орж харвал Үндсэн хуулийн цэц шийдсэний дараа байтугай шийдэхээс өмнө маргаантай байсан манайхаас бусад бүх хэргийг түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 үндэслээд хэргүүдийг түдгэлзүүлсэн. Гэтэл манай хэргийг яагаад түдгэлзүүлдэггүй юм.

Бид анхан, давах гээд бүх шатанд нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг өгсөн. Улсын дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд эцэслэн шийдэхдээ шийдвэрээ хэлье гээд хэлэлцээгүй. Энэ мэт улайм, цайм зүйлүүд бий. Тэгэхээр хэзээ нэгэн цагт нөхөж цагаатгах байх. Улсын дээд шүүх гуравдугаар сарын 31-ны өдөр хэргийг шийдчихээд өнөөдрийг хүртэл бидэнд тогтоолоо танилцуулахгүй байна. Удлаа гэхэд 60 хоногийн дотор гаргах ёстой. Гарсан гэж яриад байдаг. Гардуулж өгөхгүй, ирж уншаарай л гэж байна.

-Үүнээс цааш Т.Чимгээ болон бусдынх нь мэдүүлэг өөрчлөгдөж нөхцөл байдал эргэх юм байна гэж харж байгаа?

-Өөрчлөгдөхгүй байж болно. Өөрчлөгдлөө гэхэд өмнөх өгсөн мэдүүлгүүд нь худал болж таарна. Тэгэхээр яллагдагчаар татагдсан хүн худал мэдүүлэг өгөх эрхгүй. Хэрвээ мэдүүлгээ худал өгсөн бол түүн дээр нь дахин хэрэг үүсгэх боломжтой. Гэхдээ худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан гэсэн үг. Тэгэхээр өмнөх мэдүүлэг нь өөрчлөгдсөн байсан ч хүлээлгэх хариуцлагагүй болж байна гэсэн үг. Тэрийгээ тооцоолсон байх. Ямартай уг хэрэг замхарч байна.