Ц.Ганзориг: Нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэх 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд  хүлээж авна

Ц.Ганзориг: Нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэх 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд  хүлээж авна

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг вакцины татан авалт, дархлаажуулалтын төлөвлөгөөг танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 15,265 хүн коронавирусийн вакцинд хамрагдаад байна. Ингэснээр Улаанбаатар хотод дархлаажуулалтад хамрагдсан насанд хүрэгчдийн тоо 168,000 боллоо. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дархлаажуулалтад хамрагдах ёстой зургаан хүн тутмын нэг нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг.

Удахгүй 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан 66,890 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.  65-аас дээш насныханд вакцин хийж эхлэхгүй байгаа шалтгаан нь хариу урвал бага үзүүлэх вакцин ирэхээр хийхээр төлөвлөсөнтэй холбоотой.

10-14 хоногийн дараагаас 18-25 насны иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Улаанбаатар хотод 18-25 насны 143,000 орчим иргэн амьдарч буй. Дараа нь 26-49 насны 558,000 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Бид тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Улаанбаатар хотод 960,000 иргэнийг вакцинд бүрэн хамруулсан байх ёстой. 

ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. "Монгол эм" концерн 10 мянган тун оруулж ирсэн. Хувийн хэвшил вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй гэдгээ илэрхийлсэн.  Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд  хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.