Гашуунсухайт боомтод вакцинжуулалт эхэллээ

Гашуунсухайт боомтод вакцинжуулалт эхэллээ

Гашуунсухайт боомтод коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Одоогоор Өмнөговь аймагт 13 мянган тун вакцин ирээд байгаа ажээ. Үүнээс эхний ээлжид уртын болон богинын тээвэрт явж буй 4,000 жолоочийг дархлаажуулах бөгөөд вакцины дараагийн тун 28 хоногийн дараа хийгдэх юм.

Гашуунсухайт боомт орчмын дөрвөн цэгт дархлаажуулалтыг явуулах бөгөөд өнөөдөр 500 гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн тус боомтод ойрын хугацаанд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулахаар болсон байна.

Энэ сарын 16-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн уурхайн бүсэд нэг иргэн коронавирусийн халдвар авсан талаар Онцгой комиссоос мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хязгаарлалт тогтоох болсныг “SXCoal” мэдээлээд байсан. Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-оос эхлэн тус боомтоор ачаа тээврийн нэг ч автомашиныг БНХАУ-ын тал руу нэвтрүүлээгүй юм.