БНХАУ-ын “Синофарм” вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгох учир иргэд санаа зовохгүй байж болно гэв

БНХАУ-ын “Синофарм” вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгох учир иргэд санаа зовохгүй байж болно гэв

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн албан ёсоор вакцинжуулалтаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар онцгой болон эрсдэл нөхцөл байдалд ажиллаж буй 20,976 алба хаагчид дархлаажуулалтанд хамрагдаад байгаа бөгөөд өнөөдөр худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнууд болох Дотоод хэргийн их сургууулийн алба хаагчид вакцинд хамрагдаж байгаа юм.

Өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр БНЭУ-аас ирсэн “АстраЗенека” вакцины 150 мянган тунг хийж дууссаны дараа БНХАУ-д үйлдвэрлсэн “Синофарм” компаний вакциныг иргэдэд хийж эхлэх талаар мэдэгдсэн.

Харин иргэдийн ихэнх нь хятад вакцин хийлгэхгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тус вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй, манай улс яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөлтэйгөөр оруулж ирсэн юм.

Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу БНХАУ болон ОХУ-аас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөлтэйгээр вакцин оруулж ирсэн. “АстраЗенека” вакцины дараа БНХАУ-ын Синофарм компаний вакциныг хэрэглэх тал дээр хүмүүс их асуулттай байх шиг байна. Тус вакцинд ДЭМБ гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл олгохоор бичиг баримтын ажил явагдаж байгаа. Тиймээс иргэд санаа зовохгүй байж болно” гэж мэдээллээ.